“Ковид-19”: Нийтийн тээврийн орлого 6.5 тэрбумаар буурчээ

О.Шүрэнцэцэг
2020/04/15

“Ковид-19”-өөс шалтгаалан улс оронд онцгой нөхцөл байдал үүсч байгаа. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, коронавирусын халдвар нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэл, шинэ сорилт болж гарч ирсээр байна. Цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, цохилтод хамгийн түрүүнд хүндээр агаарын тээвэр болон төмөр замын салбар тодорхойгүй хугацаагаар  уналтад орж, алдагдал хүлээгээд байгаа тухай бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа “Ковид-19”  нийтийн тээврийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар хөндлөө.

 Нийслэлд нийтийн тээврээр  өдөртөө 300-360 мянган зорчигч үйлчлүүлж байна

  Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Одоогийн байдлаар нийт 830 орчим автобус өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилж байгаа аж. Энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс зорчигч урсгалын тоо 30 орчим хувиар буурч, 2.7 тэрбум төгрөгөөр орлого буурчээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 19 компани нийслэлчүүдэд үйлчилж байгаа аж. Өмнөх оны мөн үед өдөртөө 500-550 мянган зорчигч өдөртөө үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 320-360 мянган зорчигч үйлчлүүлж байгаа аж. Хэдийгээр иргэдийг олон нийтийн газар болон хүн олноор бөөгнөрсөн газар зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа ч зорчигч өөрсдөө хувийн ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, үйлчлүүлэхийг шаардаж байгаа юм. Нийтийн  тээврийн автобус баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллаж байгаа аж.

Дээрх нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад нийслэлийн нийтийн тээврийн газраас цаашид урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүсч орлого эрс хумигдахаас сэргийлж зөв зохион байгуулалт хийх талаар бодлого төлөвлөгөөг гарган ажиллах юм байна. Нийтийн тээврийн орлого буурсан нь цагаан сарын шинийн 1-нээс нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  түр зогсоож,  нийслэлээс зөвхөн тусгай үйлчилгээний автобус гаргаж, төрийн болон үйлчилгээний албан хаагч нарт найман чиглэлээр үйлчилж байсан юм. Мөн өнгөрсөн сарын 10-наас 16-ны өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж, 30-35 минут болгож, ажлын өдрүүдэд 30, амралтын өдрүүдэд 50 хүртэлх хувиар бууруулж зохицуулж байсантай бас холбоотой. Нийтийн тээврийн тоог багасгаснаар зорчигч 40 орчим хувиар багасч, давтагдсан тоогоор өдөртөө  190 орчим мянган зорчигч нийтийн тээврээр зорчиж байсан аж. Нийтийн тээврээр үйлчлүүлэх үед иргэд хязгаарлагдмал орон зайд олон хүнтэй тул шинэ төрлийн титэм вирусын халдвар авах эрсдэлтэй байдаг учраас ийнхүү арга хэмжээнүүдийг авч байсан юм .

 Хот хоорондын зорчигч урсгал  34 хувиар, улс хооронд 15.2 хувиар буурчээ

 Хот хоорондын чиглэлд 2020 оны нэгдүгээр  улирлын байдлаар 385 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлттэй бөгөөд тээвэрлэлтийн орлого өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 3.8 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийг 2019 онд гурван улсын 13 чиглэлд гүйцэтгэж байсан бол өнөөдрийн байдлаар бүх чиглэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Зорчигч урсгал 15.2 мянган хүнээр буурсан нь тээвэрлэлтийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарсан байна.  Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 67 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 61 чиглэлд 897 тээврийн хэрэгсэл, 1863 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Дэлхий нийтээр тархсан “ковид-19” халдвараас шалтгаалан зорчигч урсгалт буурсантай холбогдуулан 13 чиглэлд тээвэрлэлтийн давтамж бууруулан, нэг чиглэлийн тээвэрлэлтийг энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоосон байдалтай байгаа аж. Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай авто вокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж зорчигчдын аюулгүй байдалд анхаарч байгаа юм байна.

 УОК-оос  хоёрдугаар  сарын 23-наас орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг түр хааж байсан.  Орох гарах хөдөлгөөнийг нээх үеэр  холын аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрд нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгслийг төлөвлөн ажиллаж байна. Энгийн ачаалал багатай үед дунджаар 62 чиглэлд өдөрт 300-400 орчим тээврийн хэрэгслээр 2500-3000 зорчигч тээвэрлэдэг бол урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч захиалга өгч байсан аж.

Харин дэлхийд метроны буудлуудаа хааж, автобусны тоогоо цөөлжээ

 Гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Лондон хотноо метроны 40 буудал хаагдаж, автобус болон автобусны чиглэлүүдийн тоог бууруулсан байна. Одоогийн байдлаар Лондонгийн метроны зорчигчийн урсгал 50 хувь, автобусны ачаалал 40 хувиар буурсан байна.  Мөн Вашингтон ДС хотын Метро Удирдах Газраас мөн л гуравдугаар сарын 26-наас 17 метроны буудлыг түр хаах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр зорчигч тээврийн урсгалыг хориглох нь өвчний тархалтаас сэргийлэхэд тустай ч бүрэн хоригловол эмнэлгийн ажилтнууд зэрэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжгүй хүмүүс ажилдаа ирж, очиход хүндрэл учрах тул тодорхой тооны автобусыг үйлчилгээнд үлдээсэн аж.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Г.Доржпалам: Тэвчиж болох зардлаа хэмнэж, ажилчдыг цомхотгохгүй байх бодлогыг баримталж байна

 

-Хот хоорондын чиглэлд 2020 оны нэгдүгээр  улирлын байдлаар 385 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлттэй бөгөөд тээвэрлэлтийн орлого өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 3.8 тэрбум төгрөгөөр тасарсан. Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийг 2019 онд гурван улсын 13 чиглэлд гүйцэтгэж байсан бол өнөөдрийн байдлаар бүх чиглэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Зорчигч урсгал 15.2 мянган хүнээр буурсан нь тээвэрлэлтийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарсан. Тус үйлдвэрийн газар нь хэвийн үйл ажиллагаанд орох хүртэл тэвчиж болох зардлаа хэмнэж, хэмнэлтийн горимд шилжиж эдийн засгийн хүндрэлийг даван туулан ажилчдыг цомхотгохгүй байх бодлогыг баримтлаж байна.

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын  Захиргааны удирдлага санхүүгийн хэлтэсийн ахлах нягтлан бодогч Э.Эрдэнэтуяа: Зорчигч урсгалын тоо 30 хувиар буурсан

 

-“Ковид-19”-өөс шалтгаалан иргэд нийтийн тээврээр зорчих хандлага эрс буурсан. Нэгдүгээр сард орлого 17, хоёрдугаар сард 28, гуравдугаар сард 45 хувиар буурсан. Үүнийг дундажлаад үзэхээр 30 хувийн орлого буурсан үзүүлэлт юм.  Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр орлого буурсан. 2020 оны шугамын орлогын бууралттайгаар холбоотойгоор машин цагийн санхүүжилт батлагдсан төсвөөс хэтрэх эрсдэлийг  урьдчилсан тооцооллоор тооцож, нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байдлаар зохион байгуулалт хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тиймээс манай байгууллага дотроо хуралдаад, цаашид нөхцөл байдал хүндэрвэл хэрхэн эрсдэлгүй даван туулах вэ гэдэг төлөвлөгөө гаргаж байгаа. Одоогийн байдлаар нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулахад эрт байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 6 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 6 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 6 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 6 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 7 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 8 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 21 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр