Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн зүрх зэрэг ТББ, Монголын Залуучуудын эвсэл, Монголын эмнести интернешнл зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Эдгээр байгууллага хамтарч Монгол Улсын Засгийн газарт олон улсын гэрээ, конвенц болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байгааг Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа тэмдэглээд зөвхөн цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394 хүн гэмтсэн. 2025 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан. Хүчирхийллийн 10 тохиолдол тутмын ес нь нуугдмал байдаг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна