УВС, ЗАВХАН АЙМАГТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/10

Увс, Завхан аймагт хаваржилт хүндэрчээ. Тухайлбал, Увс аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндэрсэн. Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байгаа аж.

Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан байна. Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Харин Завхан 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал хаваржиж байна. Бусад сумын нутагт 258 өрхийн 233,5 мянга, гадна аймгийн нутагт 94 өрхийн 75.8 мянга, дархан цаазтай болон төрийн тусгай хамгаалалтын бүсэд 83 өрхийн 50.2 мянга, хилийн зурвас бүсэд 110 өрхийн 16.3 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Отор нүүдлээр яваа иргэдийн дунд 0-5 насны 49 хүүхэд, жирэмсэн 2, ахмад настан 9, архаг суурь өвчтэй 22, хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн байна.

Одоогийн байдлаар Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.

Өнгөрсөн зун, намрын улиралд бэлчээрийн ургац багатай, өвлийн эхэн сард цас орж дулааран, мөсөн бүрхүүл тогтсон, 1-2 дугаар сард давтамжтай хүйтний температур нэмэгдсэн тул мал сүргийг нэмэгдэл тэжээлд оруулсан.

Энэ оны 2 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд хүйтний эрч чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө агаарын температур 40-47 хэм, бусад нутгаар 33-39 хэм, хөрсөндөө 47 градус хүрч хүйтэрчээ. Одоогоор нийт нутгаар 2-23 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.08-0.26 г/см3 байна. Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад цас бага орсон, ирэх 5-6 дугаар сард хур тунадас бага орох, улмаар хуурайшилт явагдаж, ой, хээрийн түймэр гарах, зуншлага оройтож болзошгүй байна.

2018 онд мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 795,5 мянган мал хамруулсан бөгөөд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин төвийн бүсийн аймгуудад гарсантай холбоотойгоор эрүүл бүс нутгаа хадгалахын тулд мал эмнэлгийн хяналтын түр цэгийг Их-уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын даваанд 2018 оны 12 дугаар сарын 31 ныг дуустал ажиллуулжээ.

Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал 3 дугаар сарын 5-10-ны өдрөөс төллөж эхэлнэ. Тийм учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээлийн дутагдал үүсэх, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж дутагдах нөхцөл үүсч, цаашлаад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сард Засаг даргын захирамжаар 4 ажлын хэсэг гарган сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн онцгой комисс хуралдсаны үндсэн дээр аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна. Одоо малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ.

Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс 900 тонн өвс, 700 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

Мөн Алдархаан, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Яруу, Цэцэн-Уул Цагаанчулуут зэрэг сумдын 30 худгийн засварт шаардлагатай 45 сая төгрөг, Мал эмнэлгийн газарт ариутгалын ДҮК машин олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүслээ.

Саналыг сонссон, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар Цагаанхайрхан, Тэлмэн суманд учирсан хохирлыг арилгахад 25 сая төгрөг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагчдын томилолт, шатахууны зардалд 35 сая төгрөг, Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэснийг танилцуулав.

Мөн худаг засварлахтай холбоотой гарах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад суулгах, Мал эмнэлгийн ерөнхий газарт ариутгалын ДҮК машин олгох боломжтой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 1 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 1 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 2 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 3 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 3 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 3 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 20 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 21 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 23 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр