ЦУС ХАРВАЛТ НИЙГМИЙН СТРЕССЭЭС ҮҮДЭЛТЭЙ


Буруу хэв маяг, нийгмийн стресс алга болохгүй бол өвчлөл багасахгүй

"Эхнэр маань 35 настай. Тархинд нь цус харваж, яаралтай хагалгаанд ороод дөрөв хонолоо. Одоо болтол ухаан ороогүй л байна. Охин бид хоёр эмч нарыг бараадан "ухаан орсон шүү" гэж хэл дуулгах болов уу гэсэндээ өдөржин чих тавин сууна" гэж 40 орчим насны залуу хэлэв. Мөн 18 настай хүү нь гэртээ байхдаа гэнэтхэн цус харвасан гэх эхнэр, нөхөр хоёр мэс заслын тасгийн эргэлтийн цонхны дэргэд шаналан зогсоно. Энэ мэтчилэн аав, ээж, үр хүүхэд, ах, эгчийнхээ амь насыг эмчийн гарт даатгах хүмүүсийн цуваа үл тасарна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засалд цус харвасан 17-гоос дээш насны бүх хүн ордог. Өдөрт ойролцоогоор 15-20 хүн тархины цус харвалтаас үүдэлтэй мэс засал хийлгэдэг байна. Тэр ч байтугай дөнгөж эхийн хэвлийгээс мэндлээд ангир уургаа амлаж амжаагүй нялх үрс хүртэл хагалгаанд орох нь бий. Саяхан мэс засалд орсон иргэн Б.Г-ийн хэлж буйгаар тус эмнэлэгт харвалтаас үүдэлтэй мэс засалд орох хүмүүс сар дамжин дугаарладаг аж.

Архаг стресст орох нь цус харвалтад нөлөөлдөг

Өмнө нь Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт тархины цус харвалт гэсэн оношоор жилд 500-600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол өдгөө энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 1200-1300 болжээ. Дэлхийд жилд дунджаар 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болж, 6.5 сая хүн нас бардаг гэсэн статистик бий. Харин Монголд 100 мянган хүн тутамд 290 тохиолдол бүртгэгдэж, 49 нь энэ өвчнөөр хорвоог орхидог байна. Энэ нь дэлхийд хоёрт бичигдэх хэмжээний үзүүлэлт гэж бодохоор харамсалтай. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг цус харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсны гол шалтгаан энэ. Тархинд цус харвахад хүргэдэг гол хүчин зүйл нь суурь өвчлөл болон нийгмийн стресс, амьдралын буруу хэв маяг аж. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан цус харвалт улам залуужих эрсдэл нэмэгдээд буйг эмч нар хэлж байна.

Өдгөө хэвтэн эмчлүүлэгсдийн ихэнх нь амьдралын түвшин доогуур, орлого багатай иргэд байгаа юм. Өдөр болгон мөнгө бодож, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа бидний хувьд стрессгүй нийгэмд амьдарна гэдэг бараг л үлгэр. Хотын гудамжаар зөрөх хүн бүр санааширсан, бодлогоширсон, эсвэл уурласан царайтай харагдана. Тэр ч бүү хэл, ажил, гэрийн аль алинд ч стрессгүй амьдрах боломж улам багасаад буй. Хоногийн 24 цагийн турш өдрийнхөө хоолыг яаж залгуулахаа бодож яваа хүний толгой яаж сэргэг, стрессгүй байх билээ.

Цус харвалтын өвчлөлөөр дэлхийд хоёрт бичигдэж байна

Энэ талаар Гуравдугаар төв эмнэлгийн Тархины харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа "Цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. Нас ахих тусам бидний судас улам хатуурч, нарийсан бөглөрөх эрсдэл нэмэгддэг. Харин амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх, дасгал хөдөлгөөний дутагдалд орох, нийгмийн стресс зэрэг нь залуу насандаа цус харвах эрсдэлд хүргэдэг" гэв.

Харвардын анагаах ухааны сургуулийн хийсэн судалгаагаар орчин үед архаг стресст орох нь артерийн судаснуудад илэрч, цус харвалтад нөлөөлдөг цагаан цусны эсүүдийг хэт "үйлдвэрлэхэд" хүргэдэг байна. Олон улсын судалгаа мэдээллээс харахад ч эдийн засаг нь доройтсон, ядууралд өртөөд буй улс орнууд өвчлөлөөрөө хамгийн өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал эцэстээ эрүүл мэндийн салбарт нөлөөлж, нийгмийг бүхэлд нь хар сүүдэрт автуулдаг байна. Цус харвалтаар өвчилсөн иргэдийн 40 орчим хувь нь хөдөлмөрийн чадвараа алддаг. Насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж буй эдгээр иргэд хөдөлгөөн засах, артерийн даралт ихсэхгүй байх, холестерин бууруулах, стресс тайлах гээд маш олон төрлийн эмчилгээнд сая саяар тоологдох мөнгө зарцуулна. Арав хоног уух нэг эм гэхэд 10-20 мянган төгрөг. Эмчид үзүүлнэ, дахин тархины зураг авхуулж эмчилгээ хийлгэхэд дор хаяж 300-400 мянган төгрөг шаардлагатай. Ингээд бодохоор тархины цус харвалт нь иргэдийн хувьд нөхөж болшгүй гарз төдийгүй эдийн засгийн асар их алдагдалд хүргэсээр байна.

Гэтэл энэхүү хөнөөлт өвчин Монголд хүрээгээ улам тэлж, айл, өрх бүрт дарамт учруулж байгаад яагаад анхаарахгүй байна вэ? Дэлхий дахин хараагаа бэлчээгээд буй уг асуудлыг шийдвэрлэх ажилд ханцуй шамлан орохгүй бол урьдчилан сэргийлэх нь битгий хэл, улам даамжрах аюул нүүрлээд байна. Эцэст нь цөөхөн хэдэн монголчууд маань хөдөлмөрийн чадвараа алдаж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэх вий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 12 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 15 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 16 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 18 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 19 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 19 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 23 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 23 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр