Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувь гантай болон гандуу байна.
Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төвийн зарим нутгаар 49 хувьд хэвийн, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу байна. Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байгаа аж.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговийн зарим, Архангай, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногийнхоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн байна.
Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна