“The Hu” хамтлагийн уран бүтээлчид Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн нь шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тус хамтлагийн уран бүтээлчид гадаадын олон оронд аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сард очсон юм байна.
Тухайн үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улож, эх орондоо ирэх боломжгүй болсон.
Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гэдэг тайлбарыг хэлж, оруулаагүй. Хамтлагийн залуус бидний хүсэлтийг маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Иргэдийн хувьд хэн нэгэн хүнийг гомдоогоод эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнөө маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэв.