Х.Баттулга: Иргэд үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулж эдэлдэг билээ

Н.Мижидмаа
2020/05/03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан илгээлт гаргалаа.

ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Дэлхий дахинаа коронавирусний халдвар тархаж байгаа энэ цаг үед онцгой байдал, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс дутахгүй бэлэн байдалд ажиллаж, нийгмийн амгалан тайван байдлыг сахиулахад үнэн, бодит мэдээллээр үнэтэй хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлье.

Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.

Эрхэм сэтгүүлчид, салбарын удирдлагууд, судлаачид аа!

Би бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалсан. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйд суурилсан, сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, зөвлөлийн тэнцвэрийг хадгалж, дотоодын механизмыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх арга хэлбэрийг дэмжсэн, уриалсан алхам байсан ч тодорхой ахиц гарахгүй байгаа нь сэтгүүлчдийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан шалгаж байгаа олон жишээгээр илрэх боллоо.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, судлаачид нь хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах зэрэг хэд, хэдэн асуудлаар зөрүүтэй байр, суурьтай байгаа нь улстөрчдийн хүсэл зоригоос үл хамааран Та бүхний эрх чөлөөгөө баталгаажуулах явцыг зохих хэмжээнд удаашруулж байна.

Иргэд улстөрчдөөр дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлдэг шиг мэдэх, үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулан эдэлдэг билээ. Иймд би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн салбарын зохицуулалтын хэмжээнд харахгүй байгаа бөгөөд нэг сэтгүүлчид холбогдох хэргийг ч нийтийн асуудал хэмээн ажиглаж ирлээ.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болоод мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирч байгаа аливаа асуудлаар салбарын бүхий л төлөөллийг хүлээн авч уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдэж, та бүхний хүсэл зоригийн үндсэнд салбараа төлөөлөх бүрэн чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдмэл үзэл санааг тууштай дэмжин, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилж байна.

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 1 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 2 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 4 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 4 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 4 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 5 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 7 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05