Дархан-Уул аймгийн Дархан суманд 1-5 насны гурван эмэгтэй хүүхэд цахилгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Орхон аймгаас Дарханд түр оршин суухдаа иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн гурван хүүхэд энджээ.
Гурван хүүхэд харгалзах том хүнгүйгээр байх үед нь угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж, 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж нас баржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиж ажилласан байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, хүүхдүүдийн ээж Дархан-УУл аймгийн 5-р цэцэрлэгт ажилладаг бөгөөд тухайн өдөр цэцэрлэгийнх нь удирдлага ой тэмдэглэх асуудлаар бүх ажилчдаа цуглуулж, охидын ээж арга буюу хүүхдүүдээ гэртээ цоожлон үлдээсэн гэх мэдээлэл байна.
Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр үлдээх нь тэдний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах эрсдэлийг бий болгож байгаа үйлдэл юм. Тиймээс хүүхдүүдийг ямагт хараа хяналтдаа байлгахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна