Монгол, Узбекистаны II бизнес форум өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэхүү форум нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд болж буй юм.
Форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн тухай онцолж, “Монгол, Узбекистаны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болон эрчимжиж байна” гэв.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар болон Ташкент хотод худалдааны төв байгуулахаар тохиролцсон нь стратегийн чухал алхам болсныг дурдлаа.Форумын үеэр хоёр тал Ташкент-Бишкек-Өрөмч-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах, Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг нээх, Узбекистанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир экспортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Мөн Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв”-ийг ёслол төгөлдөр нээж, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдэв.
Монголд одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Форумын төгсгөлд талууд 2024-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна