Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г “Босоо хөх монгол” ТББ-ын удирдлага П.Шинжээравдан нараар зодуулсныхаа дараа өөрийгөө егүүтгэсэн байдалтай нас барсан хэрэг гарсныг бид мэдээлсэн. Энэ асуудлаар П.Шинжээравдантай холбогдон тодрууллаа.
Мод хулгайлсан хэмээн иргэдийг мөчрөөр зодож байгаа таны дүрс бичлэгт багтсан иргэн Г амиа алдсан байна. Таны үйлдлээс болов уу?
Тухайн үйл явдал нь энэ сарын 24-ний өдрийн 11.30 цагийн үед болсон явдал. Бид Ноён уулын төлөө олон жил тэмцэж байна. Тухайн тэмцлийг саармагжуулах гэж гаргасан яриа ч байхын үгүйсгэхгүй.
Ийм асуудал болсон учраас Мандал сум руу яваад цагдаа нартай нь уулзаад ирлээ. Бид талийгаачтай уулзсан, тэр явдал болсноос гурав хоногийн дараа иргэн Г нас барсан байна. Тэр хугацаанд иргэн Г цагдаад ирж мэдүүлэг өгсөн байна. Цагдаагийн дарамт байсан уу, мэдэхгүй.
Бидний хийсэн бичлэгээс болж амиа хорлосон гэж бодохгүй байна. Арван хэдтэй хүүхдүүд биш, 50 гаруй насны хүн ийм үйлдэл хийхгүй болов уу.
Бусдын хийсэн алдааны төлөө зодох, хариуцлага тооцох эрх танд байгаа юу?
Надад тийм эрх байхгүй л дээ. Гэхдээ тэр хүмүүс бас байгалийг сүйтгэх эрх ч байхгүй. Бид тухайн үед бичлэг хийгээд, “модны хулгай хийдэг бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бичлэгийг чинь фэйсбүүкт тавина шүү” гэхэд тэд зөвшөөрсөн. Тийм учраас бид бичлэгийг тавьсан.
Тэгээд “нэгэнт хөрөөдчихсөн моднууд эргэж ургахгүй учир наадхаа ачаад яв” гээд моднуудыг нь өгөөд явуулсан.
Ер нь Ноён уул ыг лус савдагтай, онгон дагшин уул гэдэг. Тийм газраас мод тайрсан нь ч лусын хорлол болсон уу гэдгийг бид мэдэхгүй. Хэрэг шалгагдаж байгаа учраас тодорхой болох байх.
Бид байгалиа л хамгаалсан. Байгалиа хамгаалсан маань буруутан болох шалтаг болчихлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна