Улаанбаатарынхан олон төрлийн вирусээр дэгдэж буй ханиад, томууны тархалтын эсрэг арга хэмжээ авах гээд дээр дооргүй сандралдаж байна. Энэ үед мал, малчин хоёр хэр өнтэй өвөлжиж байгаа бол. Ирэх долоо хоногоос цаг агаар муудах төлөвтэй байгаа тул орон нутагт өвөлжилт өнтэй, эсэх асуудлаар орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нараас тодрууллаа.
П.ГОМБОДОРЖ: УНДНЫ УСНЫ ХОМСДОЛТОЙ БОЛСОН (Архангай аймгийн ХХААГ-ын дарга)
-Аймгийн хэмжээнд цас багатай байна. Гэхдээ зүүн талын сумд болох Хотонт, Хашаат, Өлзийт сумаар намар хуурайшилт ихтэй байсан учраас бэлчээрийн өвс тэжээлийн гарц муу байсан. Аймгийн 40 гаруй өрхийн 26 мянган мал Булган аймгийн Могод, Хөвсгөлийн Рашаант сумдаар оторлож байна. Өгий нуур, Хашаат, Хайрхан, Батцэнгэл, Хотонт сумдад Өвөрхангай аймгаас 100 гаруй өрх отроор өвөлжиж буй. Идлэг муутай байгаа болохоор цас ахиу ороход л өвөлжилт хүндэрч болзошгүй. Отор ихтэй учир бэлчээрийн даац хэтэрсэн. Цасгүй, хуурайшилт их учраас ундны усны хомсдолд орох эрсдэлтэй байна.
Б.НУРГУЛАН: ИРЭХ САРД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРВАЛ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРНЭ (Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга)
-Энэ сарын 28-наас хойш цаг агаар муудаж, хүйтний эрч чангарсан. 28, 29-нд цасан болон шороон шуурга шуурсан. Уулархаг нутгаар бага зэргийн цас орсон. Булган сумын малчид хүнд байна. Өнгөрсөн зун, намар бэлчээрийн гарц муу байлаа. Орсон цас хайлсан ч доороос нь мал идэх өвс гарч ирээгүй учир хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Алтай, Дэрэн, Хотон гурван нуурын чиглэлийн уулархаг нутгийн малчдын өвөлжилт хүндрэх магадлалтай. Аймгийн хэмжээнд өвс, ногооны гарц сайн байсан. Өнгөрсөн жил Булган сумын зуншлага тааруу, нутгийн 80 орчим хувьд гандуу зуссан. Малынх нь тарга муу учраас тус сумын 111 мянган толгой мал отроор явсан. Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Хөх сэрхийн нуруу гэх тусгай хамгаалалттай нутаг 100 хувь отрын байдалтай явна. Булган сумын тухайд хаваржилт нэлээд хүндрэх төлөвтэй. Амгийн хэмжээнд 483 мянган толгой мал отроор, бусад сумдаар явж байна.
Ж. НАРАНБОЛД: АЙМГИЙН ХОЙД ХЭСГИЙН ЗУРГААН СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА (ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХХААГ-ЫН ДАРГА)
-Аймгийн хойд талын зургаан сум цагаан зудтай байна. 10- 11см зузаан цастай. Одоогоор дулаан байгаа учир хайлаад цас нимгэрч байна. Цаснаас болж өвөлжилт төдийлөн хүндрээгүй. 137 өрхийн 139 мянган мал отроор өвөлжиж байна. Бусад аймгийн хоёр сая 400 мянган мал нийлээд хоёр сая 600 мянган мал өвөлжиж байгаа. Өвс тэжээлийн тухайд аймгийн нөөц дууссан. Одоогоор малын хорогдол байхгүй. Мал төллөж эхэлсэн. Ирэх сарын цаг уурын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас дулаан, хур тундас олон жилийн дунджаас бага. Хоёр сумын заагт байдаг айлуудын 11 мянган мал отроор явсан. Гаднаас отор ихтэй байна.
С.ЦЭДЭНБАЛЖИР: ОТОРТ ГАРААГҮЙ АЙЛУУДЫН МАЛ МУУДАЖ ЭХЭЛСЭН (Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга)
-Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүсэж байна. Ялангуяа, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баянгол, Хархорин, Сант сумдын малчид хөрш зэргэлдээ Булган, Төв, Архангай, Баянхонгор аймгийн нутагт өвөлжиж байна. Отор нүүдэл хийлгүй нутагтаа өвөлжихөөр үлдсэн малчин өрхийн мал турж, хээл хаях болон борлон, төлөг, бяруу, даага сарваа нэмэгдэл тэжээлд орж эхэлсэн. Цаашид отор хийгээгүй өвөлжиж байгаа айл өрхөд өвс тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байгаа тул аймаг, сумын нөөцийн өвс тэжээлийг борлуулах, нэмж нөөц бүрдүүлэх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүлийн хоёр ойрхон орсон цасны нөлөөгөөр Хужирт, Хархорин, Уянга, Баруунбаян-Улаан, Богд, Өлзийт сумдын цасны зузаан 1-2.1мм-ээр зузаарч, цасны хэмжээ нэмэгдлээ. Одоогоор малын хорогдол байхгүй ч цаашдаа өвс тэжээлийн хомсдол үүснэ. Бусад сумдын нутагт оторлож буй малчдад 8.9 сая төгрөгийн эмийн багц, 1700 шуудай нүүрсийг 190 өрхөд үнэгүй олгосон. Үлдсэн 1253 өрхийн 888 өрхөд 4440 шуудай нүүрс, 40 мянган төгрөгийн эмийн багцыг хүргэнэ. Ж.БАТТӨР: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2-4 СМ ЦАСТАЙ ӨВӨЛЖИЖ БАЙНА (Баянхонгор аймгийн ХХААГ-ын дарга) -Одоогоор нийт сумдад том малын зүй бус хорогдол гараагүй. Хөвсгөл, Завхан аймгийн Их-Уул, Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт, Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдаас 45 өрхийн 36546 орчим мянган мал Эрдэнэцогт, Жаргалант, Баян-Овоо, Өлзийт сумдад өвөлжиж байна. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2-4 см цастай. Өвөлжилт хэвийн. Малын тарга хүч 88.7, өвс, тэжээл бэлтгэл, татан авалт 49.9 хувьтай.
Б.ЖАМБАЛДОРЖ: ОТОР ИХТЭЙ, ӨВӨЛЖИЛТ ХҮНД БАЙНА (Төв аймгийн ХХААГ-ын дарга)
-Тал хээрийн сумдын газрын гарц тааруу, малчдын өвөлжилт хүнд байна. Дундговь, Өвөрхангай аймгаас отор их орж ирсэн. Аймаг дотроо 200 гаруй мянган толгой мал оторлож байна. Гаднын аймгаас 300 орчим мянган толгой мал отроор ирсэн. Манай аймгаас 100 мянган гаруй мал отроор бусад сум руу явсан. Лүн, Өндөр ширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан сумдад отрын адуу их учраас байдал хүндэрч эхэллээ. Бод мал оруулахгүй байхаар нутгийн удирдлагууд тохирсон. Гэвч бод мал ихтэй. Хаваржилт хүндрэх төлөвтэй. Өвөлжилт хүнд байгаа сумдууд руу өвс, тэжээл хүргэсэн. Ирэх сарын эхээр нэмэлт тэжээл өгөхөөр төлөвлөлөө. Мал төллөхөөс өмнө тэжээл хямд үнээр өгнө. Ойрын өдрүүдэд дулаан болохоор өвөлжилтийн төлөв байдал хэвийн байна.
Д.ТӨМӨР-ОЧИР: ӨВӨЛЖИЛТ ХЭВИЙН БАЙГАА (Увс аймгийн ХХААГ-ын дарга)
-Нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй, цасны зузаан 5-27 см, гуу, жалганд 40-60 см зузаан цастай. Шөнөдөө -43 хэмийн хүйтэн. Одоогоор зам даваа хаагдаж нөхцөл байдал хүндрээгүй. Ховд, Завхан аймгийн нутаг руу 113 өрх отор хийсэн. Бэлчээрийн хувьд цас орж, огцом хүйтрэхгүй тохиолдолд харьцангүй хэвийн байна. Манай нутагт зуншлага сайн байсан. Хаваржилтын бэлэн байдал хангаж сумдын нөөцийн өвс, тэжээл тараасан. Мал төллөхөөр аймгийн тэжээлийн нөөцийг задлах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна