АШУҮИС-ЫНХАН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХҮСЭВ


Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллав.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар багтлаа.

Мөн Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар байлцав.

Эхлээд сургуулийн захирал Г.Батбаатар сургуулийнхаа өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийсэн.

Мэдээлэлдээ, "Манай хамт олон Монгол Улсад анх удаа Их сургуулийн Эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус цогцолборт Сургалтын эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Уламжлалтын эмнэлэг, Хичээлийн 4 байр, Оюутны соёлын төв, спорт цогцолбор, 1200 оюутны байр, Багш, ажилчдын орон сууц багтаж байна. Сургалтын эмнэлэг 2018 оны долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Цогцолбороор нь 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. Энэ төсөлд нийт 234.8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 176.7 тэрбум нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдсэн. Тодорхой хувийг эмнэлэг өөрийн төсвөөс бүрдүүлж байгаа бол улсын төсвөөс Цогцолборын үйл ажиллагааг эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалт болох 16.9 тэрбум, Сургалтын эмнэлэгийн барилгад шаардагдах 14.3 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Япон Улсын Засгийн газартай байгуулсан Цогцолборыг хүлээн авч байгаа орны Засгийн газар 10 хувийн санхүүжилтийг гаргах гэрээний заалтын дагуу улсын төсвөөс шаардлагатай санхүүжилт гарах юм" гэв.


Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд Улсын төсвөөс гаргах санхүүжилтийг 2018 оны төсөвт тусган шийдвэрлэх, Оюутны дотуур байр барих газрын зөвшөөрлийг олгохоос татгалзсан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулгын гарын үсэгтэй шийдвэр гарсан учир газрын зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэх гэсэн хүсэлтийг Байнгын хорооны гишүүдэд тавилаа.

Дараа нь Ардын багш, Хүний гавъяат эмч Д.Малчинхүү, Х.Гэлэгжамц, Ж.Баасанхүү тэргүүтэй эрүүл мэндийн салбараас төрсөн үе үеийн эрдэмтэн багш нар санал сэтгэгдлээ хэлэв. Тэд 75 жилийн түүхтэй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Сургалтын эмнэлэгтэй байх нь нэн чухал. Япон Улсын Засгийн газар 90 шахам хувийн хөрөнгө оруулалтыг шийдчихсэн учир манай улс 10 хувийн хөрөнгө оруулалтыг хойш нь тавилгүй шийдэх шаардлагатай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд олон орны Их сургуулийн эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг чадварлаг, мэргэшсэн багш нар олон бий. Тэднийхээ чадлыг эх орондоо ашиглаж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад энэ Эмнэлэг, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулах асуудал маш чухал юм. Дэлхийн олон оронд Анагаахын том сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байдаг жишиг манайд ч нэвтрэх ёстой. Энэ жишгийн дагуу Их сургуулийн эмнэлгийн суурь загварчлалыг бий болгохын төлөө хичээн ажиллаж байгаа хамт олныг дэмжиж байна хэмээн сэтгэгдлээ хэлэв. Мөн Эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу ахмад настнуудад хөнгөлттэй үнээр эм олгодог үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, засч залруулах шаардлага байгаа талаар саналаа хэллээ.



Үүний дараа Байнгын хорооны гишүүн Ё.Баатарзориг, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд эмч нартай санал нэг байгаагаа илэрхийлж, Эмнэлэг, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулахад улсын төсвөөс гаргах санхүүжилт болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахаа мэдэгдэв.



Төгсгөлд нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Төсөл амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх боломжтой болох учир бүх талаар дэмжин, хамтран ажиллана. УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бололцоо нэмэгдэнэ. Мөн Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гарсантай уялдуулж та бүхний танилцуулсан шинэчлэлийн асуудлыг шийдээд явах боломжтой.


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь эрүүл мэндийн салбарыг төрөөс дэмжиж байгаа маш том хөшүүрэг юм. Ардын багш, гавъяат эмч та бүхний үгийг сонсоход маш таатай байлаа. Эмнэлгийн хамт олон, эмч, багш, та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье" хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 1 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 2 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 2 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 3 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 3 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 5 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 5 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 5 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 5 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 6 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 8 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 8 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр