АНУ-ын Сиэтл хотын дарга Эдвард Мюррей албан ажлаасаа огцорч буйгаа албан ёсоор зарлалаа. Түүнийг үеэл дүү Жозеф Дайер нь 1970-аад оны үед 13 настай хөвгүүн байхад нь садар самуунд уруу татаж байсан хэмээн буруутгаж, хэвлэлээр ил зарласан юм. Хэдийгээр Эдвард Мюррей энэхүү мэдэгдлийг "Гэр бүл хоорондын дайсагналцаанаас үүдсэн гүтгэлэг" гэж тайлбарласан ч ажлаа өгөхөөр шийджээ. "Хангалттай, ямар нэг зүйл хийхгүй бол болохгүй нь" хэмээн Эдвард Мюррей ажлаасаа огцорч буйгаа тайлбарласан байна.
Түүнийг өмнө нь үүнтэй ижил төстэй хэрэгт дөрвөн ч эр буруутгаж, хэвлэлээр мэдэгдэл хийсэн удаатай гэнэ. Тэр бүрийд Эдвард Мюррей эрс үгүйсгэсээр өдийг хүрчээ. Эдвард Мюррей 2014 онд Сиэтл хотын даргаар сонгогдсон юм.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна