Эрүүл саруул хэрнээ ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл тэмүүлэлгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэн байхад бие мах бодь, мэдрэхүйн эрхтний ямар гажигтай төрсөн ч бусдын л адил хийж бүтээхийн хүслэнд автан яваа нэг хэсэг байх.
Монгол Улсын хэмжээнд 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэх статистикийн тоо баримт байна. Энэ тоо бол Монголын Үндэсний статистикийн хорооны 2016 оны судалгааны дүн. Түүхийн бүх цаг үед төрөлхийн болон олдмол хараагүй, сонсголгүй, хэлгүй эсвэл тулгуур эрхтний ямар нэгэн гажигтай, эсвэл ямар нэгэн нөхцөл байдлын улмаас бие эрхтнээсээ салсан иргэд байсаар л ирсэн. Тэдний хөдөлмөрлөх эрх нийгэмд хязгаарлагдмал байдаг. Үүнийг таслан зогсоож, тэднийг хөдөлмөрлөх, хүсэл тэмүүлэлтэй амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх тухай дээр доргүй ярьж байгаа ч бодитой үр дүнд хүрсэн зүйл алга. Өнөөдөр ч эдгээр иргэний ажиллаж хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдмал, хангалтгүй байна.
Манай улс хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй эсвэл одой иргэнийг заавал ажилд авах квот тогтоож өгсөн ч ажил олгогчид ихэвчлэн тэднийг дутуу үнэлж, төвөгшөөсөндөө нөхөн төлбөр төлчихдөг нь нууц биш юм. Хэн хүнээс илүү хөдөлмөрлөх зүтгэл, тэмүүлэл тээж яваа тэдэнд ажилд орох зам ямар урт хийгээд ярвигтай гэдгийг ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийн багийн бүтээсэн "Ажилд хүрэх зам" баримтат киноны сонсголгүй залуугийн ярианаас мэдэрч болно.
2017 оны судалгаагаар нэг өрхийн гишүүнд ногдох орлого 119 мянган төгрөг бол ядууралд өртсөнд тооцож байгаа. Харин тэд сар бүр халамжаас 140 мянган төгрөг хүртэж, ар амьдралаа болгох гэж зүтгэж явна. 80 хувийн харааны бэрхшээлтэй иргэн Н. Энхбаяр хөгжлийн бэрхшээл гэдэг бол энгийн иргэдээс тэс өөр гэсэн үг биш. Тэд адилхан ажиллаж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж болдог юм гэлээ. Тэрбээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд өөрөөсөө гадна 39 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж, үр шимээ хүртэж байгаа тухайгаа бидэнд ярилаа.
Н.Энхбаяр: Хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэн газрын баялагаа ашиглажэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалт мэдээллийн төвийн тэргүүний хувьд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн хоёр бүлэг байгуулж ажилласан. Би 80 хувийн харааны бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдох нь ховор. Нийгмийн зарим хандлагаас болж ганцаардах, өөрийгөө бусдаас өөрөөр мэдрэх тохиолдол ч их. Харин тэд хөдөлмөр эрхлэснээрээ өвчнөө мартаж, хамт олонтой хөгжүүн болж ирдэгийг өөрийн явуулж буй олон үйл ажиллагаанаас анзаарсан.
Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эхний жил өөрөөсөө гадна 19 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй нэг бүлэг үүсгэн хүнсний ногоо тариалалт хамтдаа хийж сурсан. Энэ жил мөн л дахин өөр 20 хүнтэй бүлэг байгуулж ажиллалаа. Хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэн газрын баялаг ашиглан, хүнсний ногоогоо тариалах, үйлдвэрлэх, боловсруулах арга зүйд суралцжээ гэсэн үг. Тэгэхээр энэ арга хэмжээ маш өгөөжтэй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй ер нь л ихэнхи хүн ногоо тариалах, даршлах, өрхийн хэрэгцээндээ хэрэглэж, ашиг олж амьжиргаагаа дээшлүүлэх гэдэг ойлголт мэдлэгтэй байгаагүй юм. Үүнийг агрономич эсвэл тусгай мэргэжилтэн л хийдэг гэсэн ойлголттой. Энэ ойлголтыг эрс өөрчиллөө. Тэд цаашдаа хашаандаа ч гэсэн өөрийн гараараа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангаж, орлогоо нэмэгдүүлээд амьдрах нь ямар сайхан бэ гэдгийг мэдэрлээ шүү дээ. Ер нь үндэслээд ургадаг ургамал гэдэг харж баясах, сэтгэл санаа өөдрөг болоход тустай байдаг юм байна. Ургаж, томорч байгааг нь хараад урам зориг авдаг. Мөлхөөд ч гэсэн газар дээрээ ногоогоо тариалж, услаж ургуулаад, хураан авч чадна. Энэ нь дасгал хөдөлгөөн болохоос гадна эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөөд байгаа нь ажигладсан.
Энэ намар манай бүлгийнхэн ургац сайн хурааж авлаа. Түрүүчээсээ кг нь 2500 төгрөгөөр ногоогоо борлуулж, 60-70 хувь нь өрхийн хэрэгцээгээ бүрэн хангасан. Үүнийгээ даршилж хадгалаад, баяр ёслолын үеэр мөнгө зарлагдаж худалдаж авахгүй боллоо. Цаашлаад амьдраад байх бас нэгэн чадвар эзэмшлээ гэсэн баяртай сууна даа. Хөтөлбөр нь хоёр жил болоод шинэчлэгддэг учраас бид үргэлжилээсэй эсвэл талбайг нь, хашаагаа ашиглуулах айл иргэн байвал ногоогоо ургуулаад явах юмсан.
Боломж: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан "Ажлын байрыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний нэг бол бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах юм. Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж, орлогоор дэмжих, хүнсний ногоо тариалах арга зүйд сургаж, чадавхижуулах зорилготой тус арга хэмжээнд энэ онд төвийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулжээ. 28 бүлэг хуваагдсан эдгээр иргэн Нийслэлээс "UB AGRO PARK"-д олгосон нэг га талбайдаа төмс, 26 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариалжээ. Өнөөдрийн байдлаар тэд хүлэмжээсээ 60 гаруй сая төгрөгийн нарийн ногоо хураан авсан бөгөөд энэ сард 250 тонн төмс хурааж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Хөтөлбөрт хамрагдсан иргэд дан ганц хүнсний ногоо тариалахаас гадна мэргэжлийн агрономичийн заавраар арчилж ургуулах, түүнийгээ хураан авч боловруулах зэрэг технологийн мэдлэгт суралцжээ.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлдэг тус арга хэмжээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд ажилгүй иргэд ажлын байр, баг хамт олонтой болж, хөдөлмөрийнхөө үр шимээр өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа сайн жишээ олон байна. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ажилгүй, орлогогүй, 40-өөс дээш насны иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэд багтаж байгаа юм.
Г. Ууганмаа: Сайхан ургац авч, боловсруулж сурсандаа сэтгэгдэл өндөр байна Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн "Арвин-Буян" бүлгийн ахлагч. Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдаж, олон зүйл сурсандаа баяртай байна. Үүндээ дурлаж, баг хамт олонтой болоод ирэхээр энэ хөтөлбөр цаашид хугацаагаа уртасгаад үргэлжлээсэй гэж бодох болсон. Манай бүлэг 19 хүнтэй. Хүлэмжиндээ тарьсан нарийн ногоонуудаа хурааж авсан. Өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ даршилж хадгалах аргыг агрономичоосоо заалган, хийж сурсан. Өргөст хэмх гэхэд л 800 ширхэг дарж авлаа. Төмсөө харин одоохондоо хурааж аваагүй байна. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, алаг салат, алим жимсний чанамал хийхийг сурлаа. Сайн ургац авсан. Түүнийгээ боловсруулж сурсандаа сэтгэгдэл өндөр байна. ХХҮЕГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан "Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх" сургалтанд төвийн зургаан дүүргийн бүлгээр хүнсний ногоо тариалж буй иргэд оролцсон. "Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх" сургалтын зорилго нь хүнсний ногооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа нийслэлийн өрхийн хүнсний ногооны хэрэглээг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх явдал юм. Сургалтанд хамрагдсан иргэд Өлзийт хороололд байрлах "Бөхөг-Түргэн" ХХК-ны хүлэмж, тариалангийн талбайтай биечлэн очиж танилцан, туршлага судласан. Мөн үндэсний зөвлөх багшаар онол практик хосолсон хичээлүүд заалгаж, технологийн мэдлэг олж авсан юм.
Ю.Урангэрэл "Монгол ногоо" хөтөлбөрийн зөвлөх, Үндэсний зөвлөх
Энэхүү сургалт нь өрхийн хүнсний ногоо тариалж, хувиараа аж ахуй эрхлэгчид хэрхэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлж, үйлдвэрлэл явуулах вэ?
Цех болон үйлдвэр байгуулж ажиллах, бизнес төсөл хийх, бүтээгдэхүүнээ боловсруулж хэрэглэх арга зүйг эзэмших зэрэг технологийн мэдлэгийг олгох ач холбогдолтой юм. Сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл хангалуунд баяртай байна. Хөтөлбөрт хамрагдаж, тодорхой хэмжээний талбайд ногоо тариалж, үр дүнг нь хүртсэн иргэд маань хураан авсан нарийн ногоо болон жимсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэх арга зүйгээ эндээс сурч байгаа юм. Сургалтын онцлог гэвэл ганц технологийн мэдлэг олгохгүй практик хосолж, өөрсдөөр хийлгэж сургаж байна. Өөрөө харж, зааврын дагуу хийж сурсан зүйл хүнд хоногшиж, чадвар эзэмшүүлдэг. Хоёрдугаарт олж авсан технологийн заавар мэдлэгээ бизнес төсөл төлөвлөгөө болгох, хөрөнгө оруулалт авах, цаашлаад жижиг цех байгуулж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх зэрэг боломжийг нь нээж өгч байгаа. Ганц онолын мэдлэг биш менежментийг нь давхар зааж байгаа учраас хүмүүст илүү хүрээд байна уу даа гэж сургагч багшийн хувьд харж байна.
П.Тунгалаг: Энэ сургалтаар манай бүлгийнхэн ногоогоороо алаг салат хийж даршилахыг сурсан
Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн, "Ундраа" бүлгийн ахлагч
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулдаг хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хоёр дахь жилдээ хамрагдаад ажиллаж байна. Би жар гарсан тэтгэврийн хүн. Энэ бол дүүрэг, хороодод ажилгүй, орлогогүй, гэртээ юу хийхээ мэдэхгүй байгаа хөдөлмөрийн насны иргэдэд зориулсан үр өгөөжтэй ажил гэж талархдаг. Газар тариалангийн ойлголт мэдлэг олгож, тариалахаас эхлүүлээд хураах хүртэл бүхий л зүйл дээр дэмжлэг үзүүлдэг. Бүлгийнхэн маань ургацаа хураан аваад нэг жилийнхээ өрхийн хэрэгцээгээ бүрэн хангачихаж байна. Зарим нь худалдан борлуулаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ зориулж байна. Энэ сургалтаар манай бүлгийнхэн ногоогоороо алаг салат хийж даршилахыг сураад шимтэн сууж байна. Дэлгүүрээс аваад иддэг байсан уу гэхээс өөрөө гардан хийж байгаагүй. Номноос ч уншаад мэргэжлийн үг хэллэг сайн ойлгохгүй. Харин энд онолоо заагаад, түүнийгээ хийж үзүүлж байна. Энэ маш үр дүнтэй сайхан санагдаж байна. Жил бүр бид хүлээдэг болчихлоо. Цаашид ч үргэлжлээд байгаасай гэж бодох юм. Энэ бол маш зөв бодлого гэж хардаг.
Хүмүүний амьдрал баян, хүсэл тэмүүлэл нь няцашгүй. Тэдэнд бусад шиг эрүүл саруул бие эрхтэн заяагаагүй ч гэлээ амьдрах хүсэл тэмүүллийнхээ төлөө зоригтойгоор урагшлах тэвчээрийг харамгүй заяажээ. Тэдний хүсэл тэмүүлэл мохошгүй байг, бусдын адил хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад нь тус дэм болох төрийн дэмжлэг зогсошгүй байг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна