НҮБ-аас Умард Солонгост тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд БНХАУ идэвхтэй оролцож эхэлжээ. Хятадын тал өнгөрсөн 5-7 дугаар сард Умард Солонгост 19.7 мянган тонн бензин болон нефтийн бус бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 75 хувиар бага тоо юм. Тиймээс Умард Солонгосын удирдлага ард иргэдээ машинаа "мартаж", дугуй унахыг уриалж эхлээд байгаа гэнэ. Мөн нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг уриалсан байна.
Үүнээс гадна БНХАУ-ын хэд хэдэн банк Умард Солонгосын иргэдийн хадгаламжийн мөнгөө шилжүүлэх эрхийг хаажээ. Хятадын банкнуудаас мөнгөө бэлнээр очиж авч болох ч дансаа бүрэн хаалгах юмуу шилжүүлэхийг хориглоод байгаа ажээ.
Умард Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж, удаа дараалан баллистик пуужин туршиж буй нь ийнхүү эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэсэн гэж НҮБ болон АНУ-аас мэдэгдэж буй юм. Үүнээс өмнө БНХАУ-ыг Умард Солонгосын эсрэг эдийн засгийн арга хэмжээнд идэвхгүй оролцож буйг Дональд Трамп шүүмжлээд амжсан.
"Би БНХАУ-ын хандлагад сэтгэл дундуур байна. Өмнөх тэнэг удирдлагууд нь тэдэнтэй наймаа хийж, хэдэн сая ам.доллар олох боломж олгосон. Солонгосын хойгт үүсээд буй асуудлыг мэдсээр байж ярихаас бусдыг тэд хийхгүй юм. БНХАУ энэ асуудлыг хөнгөхөн шийдчих боломжтой улс" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан.
Харин БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин "Солонгосын хойгийн асуудлыг шийдэх тал дээр бид АНУ-тай ижил байр суурьтай. Энэ бүс нутагт тогтвортой байдлыг хангахыг чармайж байгаа. Гэхдээ одоогоор хоёр тал Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг улам хурцатгах мэдэгдэл, үйлдэл хийлгүй, тэвчээртэй байх нь зүй" гэж Си Зиньпин мэдэгдсэн юм.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна