МОНГОЛБАНК: Хэрэглээний болон тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулна

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
  2. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох;
  3. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.

Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарлаа. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй.

Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлөв. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо. Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ хүлээлтээс муудаж болзошгүй байна.

Өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад банкны салбарын хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдлээ. Энэ нь нэг талаас хэрэглээний импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахаар байна.

Энэ удаагийн мөнгөний болон макро зохистой бодлогын багц шийдвэр нь инфляцын хүлээлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Эх сурвалж: Монголбанк 


30
angry
0
care
2
haha
1
liked
2
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 5 минутын өмнө
Ой, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд албан даалгавар гаргалаа 22 минутын өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 52 минутын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 1 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 2 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 2 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 3 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 4 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 4 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 4 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 4 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр