ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоов

О.Шүрэнцэцэг
2024/11/19

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.19) хуралдаан 14 цаг 51 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу ажилласан болохыг Д.Цогтбаатар дарга танилцууллаа. Ажлын хэсэг шийдвэр, тайлан, нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг энэ сарын 18-ны өдөр Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн байна. Байнгын хороо хүсэлт, тайланг олон нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор томилгооны сонсголын товыг тогтоож нийтэд мэдээлэх журамтай. Энэ дагуу дээрх төслийг хэлэлцэж байгаа хэмээн тэрбээр хуралдаанд танилцуулсан юм.


Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилох зохицуулалттай. Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр С.Энхбаатар, М.Алтан-Очир нар материалаа ирүүлжээ.

Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны 05 дугаар тогтоолоор байгуулжээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, бүрэлдэхүүнд холбогдох хуулийн дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нар ажилласан байна.


Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх,  нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчдээ бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд зохион байгуулж, саналаа танилцуулж байгаагаа Ц.Сандаг-Очир гишүүн хэлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт, материалаа хоёр хүн ирүүлснийг сонгон шалгаруулалтад оролцуулж, ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг танилцуулав. Санал хураалтад ажлын хэсгийн 9 гишүүн оролцсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 8 санал, М.Алтан-Очир 1 санал авсан байна. Иймд холбогдох журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоохоор Байнгын хорооны төслийг боловсруулжээ.


Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулсан дээрх танилцуулгатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс сонсголыг шуурхай зохион байгуулах талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат сонгон шалгаруулалтын цар хүрээний талаар тодруулж, хариулт авсан. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.


Ийнхүү санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Үүгээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 27 минутын өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 2 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 3 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 5 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 5 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 5 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 6 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 8 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 8 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05