Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сард болно. Сонгуулийн бэлтгэл ямар шатанд явж байна вэ?-Сонгууль явуулах цаг хугацааны хуваарь, зохион байгуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг хуулийн дагуу баталдаг. Энэ төлөвлөгөөнд сонгууль зохион байгуулахад хуулиар чиг үүрэг хүлээж, оролцдог 27 төрийн болон төрийн бус байгууллагын ажил үүргийн хуваарийг тусгадаг. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 25 хүртэл нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөх ёстой. Тус газар мөрийн хөтөлбөрийн хариу дүгнэлтийг гаргана. Үндэсний аудитын газраар батлуулсан мөрийн хөтөлбөрөө холбогдох бичиг баримтын хамт хавсарган нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Бүх шатны сонгуулийн хороонд ажиллах төрийн захиргаа, үйлчилгээний газрын алба хаагчид Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж буй сургалтад хамрагдаж, гэрчилгээ авдаг. Коронавирусийн тархалттай холбоотой олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэх журмын дагуу сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэн явуулж байна.
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад хүндрэл гарч байна уу?-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хүндрэлтэй асуудал одоохондоо гараагүй байна. Дэлхийн зарим улс сонгуулиа хойшлуулж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ сонгуулиа хийх улсууд ч байна. Хамгийн ойрын жишээ дурдахад дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ парламентын сонгуулиа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэд вирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн санал авах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, санал авах байруудад сонгогчид орохдоо амны хаалттай, халуунаа хэмжүүлж орох юм. Мөн сонгогчдын хуруу, гар хүрдэг, санал тоолох төхөөрөмжүүдийг тухай бүрт нь ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байгаа гэсэн. Түүнчлэн санал авах байруудад тогтмол агаар сэлгэлт хийх зэргээр төлөвлөсөн байна. Бид ч гэсэн энэ жишгээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Нөхцөл байдал хаашаа эргэхийн хэлж мэдэхгүй. Дэлхийн бусад оронд ч нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тиймээс тал бүрийн эрсдэлийг тооцож, бэлтгэлээ хангаж байна.
Харин судалгаагаар 18-25 насныхан сонгуульд идэвхгүй оролцдог нь тогтоогдсон. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын боловсролд зориулсан хөтөлбөр арга хэмжээг 18-25 насны бүлэг рүү илүү чиглүүлэхээр төлөвлөөд байна.
-Тойрог, хэсгийн хороодыг хэзээ байгуулж дуусгах вэ?-Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах ёстой. Үүний дараа сум, дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 25-наас өмнө байгуулна. Хэсэг дээр санал авах үйл ажиллагааг зохион байгуулдаг тул хэсгийн хороодыг сонгууль болохоос 30 хоногийн өмнө байгуулах юм. Тодруулбал, тавдугаар сарын дунд үе гэхэд бүх хэсгийн хороог бэлэн болгоно.
-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойрог олон мандат гэх хувилбараар явуулахаар хуульчилсан. Тэгэхээр нэр дэвшигчид олон газар штаб байгуулна гэсэн үг үү?-Тойрог том, жижиг байхаас үл хамаарч санал тоолох үйл ажиллагааг хялбарчлах үүднээс хэсгийн хороод байгуулдаг. Хэсгийн хороод тойргийн нутаг дэвсгэртэй хамааралгүй. Улсын хэмжээнд 2000 орчим хэсгийн хороо байгуулдаг. Энэ жил сонгогчдыг тоо нэмэгдсэн учир 2100 орчим хэсгийн хороо байгуулна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Гэхдээ энэ эцсийн тоо биш. Зарим хэсгийг нэгтгэж магадгүй. Яагаад гэвэл зарим хэсгийн хороонд нэг барилга байгууламжийн хоёр талаас орж хоёр тусдаа санал авах байрыг байгуулдаг. Энэ нь сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагчийн тоог нэмэх, санал тоолох төхөөрөмжийн хүрэлцээ зэрэгт нөлөөлдөг. Тиймээс ийм хэсгийн хороодыг нэгтгэж магадгүй.
-Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нд иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Сонгогчдын тоо эцсийн байдлаар хэзээ бэлэн болох бол?-Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 1-нд улсын бүртгэлийн байгууллагын https://burtgel.gov.mn/ цахим хуудаст эхний байдлаар байршуулсан. Энэ холбоосоор сонгогчид өөрийн регистрийн дугаар оруулж, мэдээлэл нь буруу, зөв орсныг шалгах боломжтой. Хэрэв буруу бүртгэсэн байвал тухайн цахим хаягаар дамжуулан гомдол гаргаж, мэдээллээ зөв болгон засуулах юм. Нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулснаар сонгогчдын тоо эцсийн байдлаар бэлэн болохгүй. Таван байгууллагаас найман төрлийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүргүүлэх юм. Жишээлбэл, шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй нь тогтоосон иргэдийн мэдээллийг шүүхийн байгууллага өгнө. Хилийн цэрэг, батлан хамгаалах, цагдаагийн байгууллагаас цэргийн алба хааж байгаа хүний тоог гаргаж танилцуулна. Ингээд цахим хуудаст цэргийн албан хаагчийн хаяг үндсэн оршин суудаг хаяг дээр нь бүртгэгдсэн байвал үүнийг тухайн алба гүйцэтгэж буй газрын мэдээллийг үндэслэн хаягийг нь солино. Энэ мэт ажил хийсний дараа санал авах өдрөөс 25 хоногийн өмнө бүх тоог нэгтгэн хэсгийн хороонд хүргүүлнэ. Үүний дараа эцсийн тоо гарна.
-Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэхдээ 801 хүний гарын үсэг цуглуулснаа хавсаргах шаардлагатай юу?-Нэр дэвших үйл ажиллагаа тавдугаар сарын 10-16-нд үргэлжилнэ. Бие даан нэр дэвшихээр төлөвлөж буй хүмүүс ирэх сарын 10-ны өглөө тухайн тойргийнхоо буюу аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос 801 хүний гарын үсэг зуруулах маягтдаа тэмдэг даруулна. Ингээд тухайн өдрөөс гарын үсгээ цуглуулах юм. Үүнээс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөх ёстой. Мөрийн хөтөлбөрийг нь аудитын байгууллага судалж, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргана. Энэ жил Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, тухайн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь санхүүгийн эх үүсвэр шаардвал энэ нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон байх. Мөн өгч буй амлалт нь хэрэгжих боломжтой эсэхийг тогтоож, ямар нөхцөлөөр, яаж хангах вэ гэдэг бүх тооцоо судалгааг гаргаж байна. Биелэгдэх боломжгүй мөрийн хөтөлбөрийг буцааж байгаа.
-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой сонгуулийн сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлага бий юү?-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах найман төрлийн арга хэлбэрийг хуульчилсан. Сурталчилгааны арга хэлбэрийг өөрчилбөл хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан. Энэ заалт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр сурталчилгааны арга хэлбэрүүдэд өөрчлөлт орохгүй. Гэхдээ вирусийн халдвар гарсан энэ үед сонгогчидтой уулзаж, хурал цуглаан хийх, ухуулах байр ажиллуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахад хүндрэл үүсэх юм. Тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөмж гаргаж, үүний дагуу зохион байгуулах төлөвлөгөө гаргаж байгаа. Хуулиар олгосон эрхийг хязгаарлах боломжгүй болчихоод байна.
-Хэрвээ сонгууль хойшлох нөхцөл үүсвэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд хүндрэл гарах уу?-Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сонгуулийг хойшлуулах, зогсоох гэсэн хоёр төрлийн ойлголт бий. Сонгуулийн хугацааг товлон зарлаагүй бол хойшлуулах гэж ярина. Харин хоёрдугаар сарын 1-нд сонгуулийг товлон зарласан тул хойшлуулна гэж байхгүй. Сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн тодорхой хэдэн зохицуулалтад үндэслэн зогсоох боломжтой. Тухайлбал, хуулийн 9.25 дугаар зүйлд онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ онц байдал зарлаж, үүний дараа сонгуулийн үйл ажиллагааг зогсоох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасан.
-Гаднын улсад ажиллаж, амьдарч байсан иргэд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой эх орондоо буцаж ирж байна. Тэд сонгуульд оролцох боломжтой юу?-Иргэний засаг захиргааны шилжилт хөдөлгөөнтэй хамааралгүй асуудал. Гаднын улсад 60 ба түүнээс дээш хоногоор зорчсон иргэдийн мэдээллийг таван байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий байгууллагад хүргүүлдэг. Иргэний бүртгэлийн газар мэдээллийг нь хүлээж авснаар тухайн иргэдийн санал авах боломж нээгдэнэ.
-Коронавирусийн халдвартай холбоотой сонгуулийн ирц буурч магадгүй гэх мэдээлэл байна. Ирц бүрдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо ямар арга хэмжээ авч байна вэ?-УИХ-ын сонгуулийн ирц тасралтгүй унаж байсан нь судалгаанаас харагддаг. Харин 2016 оноос эргэж өссөн. Ингээд сонгогчдыг насаар нь ангилж үзэхэд 25-45 насныхан нийт сонгогчдын дийлэнх хувийг эзэлдэг. Тиймдээ ч энэ насныхан сонгуульд идэвхтэй оролцдог. Харин судалгаагаар 18-25 насныхан сонгуульд идэвхгүй оролцдог нь тогтоогдсон. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын боловсролд зориулсан хөтөлбөр арга хэмжээг 18-25 насны бүлэг рүү илүү чиглүүлэхээр төлөвлөөд байна.
-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн ирцийг нэмэх талаар дэвшилттэй заалтууд орж чадсан уу?-Ирц нэмэгдүүлэх нь хуулийн зохицуулалтаар шийдэгдэх асуудал биш. Үүнд идэвхжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Идэвхжүүлэлтийн ажлыг Сонгуулийн ерөнхий хороо болон сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд судалгаа хийж, хөндлөнгөөс оролцдог төрийн бус байгууллагууд хийдэг.
Эх сурвалж: Өдрийн сонин, Б.Бадралмаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна