Хэрэглээний ус алдагдан цахилгааны залгуурт орсноос болж 2-5 насны гурван охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гарсан.
Залуухан хосууд болох Чинбат, Алтанзул нар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд таван ханат гэртээ 1.6-аас 5 настай гурван охиныхоо хамт амьдарч байгаад, ажил амьдралын мөр хөөн Дархан-Уул аймагт шилжин иржээ. Ингэхдээ иргэн Г-ын дөрвөн өрөө орон сууцны нэг өрөөг нь түрээслэн амьдарч, эхнэр Алтанзул нь аймгийн 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон байна.
Харин нөхөр Чинбат нь Өмнөговь аймагт улирлын чанартай ажил эрхэлдэг тул тухайн үед ажил нь амраад гэртээ ирчихсэн байжээ. Тэгэхдээ зүгээр суулгүй авто засварын газарт ажиллаж байсан байна.
Тэр харамсалт өдөр Чинбат ажилдаа явж, Алтанзул ч цэцэрлэгийн эрхлэгчийн заавраар ажлын байрандаа очих ёстой болжээ. Өөрөөр хэлбэл, 5-р цэцэрлэгийн 50 жилийн ойд зориулсан концерт бэлдэхийн тулд цэцэрлэгийн бүх ажилчид ирэх ёстой байсан учраас хүүхдүүдээ арга буюу гэрт нь цоожлон 14-17 цагийн хооронд үлдээсэн байна.
Ингээд гэртээ иртэл охид нь угтсангүй.
Дуудлагын дагуу ажилласан ОБЕГ-ын аврагчдын мэдээлэлд “шалнаас дээш 2.5 см ус тогтсон. Цахилгааны залгуур шалан дээр байсан” гэдэг нь бичигдсэн байна.
Зулай зулайгаа гишгэж төрсөн дэрсхэн охид нэгэн дор харамсалтайгаар яваад өгсөн энэ мэдээлэлд хүн бүрийн сэтгэл эмтэрч, чадах чинээгээрээ тус болох сон, дэм болох сон хэмээн сэтгэлийн өглөгөө өргөж эхлэв. Жүжигчин М.Нарантуяагийн санаачилснаар түүний дансанд 5 сая төгрөг цугласныг аав Чинбатынх нь данс руу шилжүүлснээ хэлэв. Энэ л мөнгөний дүн “мөнгө улаан, нүд цагаан” зарим хүмүүсийн залилан хийх сэдлийг хөдөлгөж, төөрөгдөл үүсгэсэн байна. Тодруулбал, 948832.. дугаараас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү залгаж “Чинбат, Алтанзул нар салсан. Хандивын мөнгийг Чинбатын дансанд шилжүүлж болохгүй” гэдэг мэдээллийг өгч байлаа.
Ийм учраас бид талийгаач охидын авга эгч Батсүрэн, авга ах Чинзориг, нагац эгч Алтантуяа нартай утсаар холбогдон энэхүү шууд дамжуулалтыг хийсэн юм. Энэ нь эргэлзсэн олон хүнд нэг мэдээллийг өгсөн үйлдэл болсон биз ээ. Монголчууд бид тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр туслахыг чухалчилдаг. Гэтэл газар дээрх нар сар болсон гурван үрээ алдчихсан байх ийм л үед нь олон хүний сайхан сэтгэлийн хандивыг өөрийн дансанд авахаар улайрагч нэгэн бас байгаа нь ийнхүү ил боллоо. Бид тухайн утасны дугаарыг цагдаагийнх байгууллагад өгч, шалгуулахаа мэдэгдэж байна.
Бид утсаар холбогдох үеэрээ олон түмний хандивыг үргэлжлүүлэх үү гэдгийг асуухад "Сайхан сэтгэлээрээ хандиваа өргөж байхад бид цаашаа гэхгүй ээ" гэсний дагуу охидын аав Чинбатын Хаан банкин дахь дансыг нийтэлж байна.
5585 5363 01- Чинбат
Ц.Анхзул
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна