Үндсэн хуулиа уншиж мэд, дагаж мөрд, сахин биелүүл. Тэгвэл л боллоо

О.Шүрэнцэцэг
2020/01/10

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар дэмжин, баталсныг телевизээр хараад хамрын самсаа шархирна гэдэг шиг бахдаж суусан цаг саяхан.

Овоо доо, нэг удаадаа ингээд нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болсон цөөнгүй гажуудлыг засаад явчих зам шулуудлаа гэж бодохоор нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн, идэвхийлэн ажиллаж баталсан хүмүүст гүйж очоод баярлалаа гэж хэлмээр санагдаж байв. Харин одоо ингээд үгээ хэлэх боломж гарсанд талархаж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал удаан яригдсан. Яригдах тоолонд за юу л хийдэг бол доо гэж тоомжиргүйхэн харж байв. Дордуулсан долоон өөрчлөлт тийнхүү итгэл алдсан хэрэг.

Харин энэ удаагийн парламентын Д.Лүндээжанцан тэргүүтэй туршлагатай, тулхтай гишүүд өргөн барьсан төслөө танилцуулаад иргэдтэй уулзаж явахад үнэхээр баталчихаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн, дэмжиж, хүлээсэн билээ.

Гэвч амаргүй байсан бололтой удааширч, сураг алдрах бүртзөвшилцөж чадахгүй бол батлахгүй юм байна гэж бухимдан, зөвшилцлөөс гарлаа, орлоо гэсэн хүмүүст уурлан, телевизтэйгээ хэрэлдэж суусан ч удаатай.

Ерөнхийлөгч, бусад улстөрийн  нам хүчнүүд, эрдэмтэн судлаачид, хуульчид, багш нар, жирийн иргэд гээд дуу хоолойгоо илэрхийлэх гэсэн бүх хүмүүсийн саналыг авч, хэлэлцэн, зөвшилцөж байгаа юм хойно баталчих болов уу гэж горьдон, парламентын гаднаас харж суусан өдрүүд ард хоцорч, энэ удаагийн парламент Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсан нь бас нэгэн давтагдашгүй түүх болон үлдэж байна.

Амжилттай энэ эхлэлийг улам бататгахын тулд одоо Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа уншиж мэдэх, даган мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй. Тэгвэл л боллоо. Дагаж мөрдөхгүй бол хэчнээн сайн хууль байгаад ямар хэрэгтэй билээ.

Өнгөрсөн цаг хугацаанд үнэндээ энэ үүргээ биелүүлж, Үндсэн хуулиа танин мэдсэнхүн жирийн иргэд бидний дунд ч, магадгүй улстөрчид, хуульчдын дунд ч хэд билээ!!!

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийг лам нар цээжилсэн  төвд номоо дуржигнатал уншдаг шиг уншаад цээжилчихэж болохоор цөөхөн хуудастай юм шүү дээ. 

Энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс хэлбэртгүйгээр даган биелүүлээсэй гэж наминчлан хүлээж байгаа чухал заалтууд олон байна.

  1. Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээхээр болсон явдал. Шударга, тэгш хүртээмжтэйгээр иргэн бүртээ хүргэнэ гэж найдаж байна.
  2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэдэг заалтыг янз бүрээр тайлбарлаж байсан ч эцсийн дүндээ байгалийн баялгийг эзэнгүйдүүлэхгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс байгалийн баялгийг ашиглах заалт боллоо гэж харж байгаа.
  3. Улстөрийн намууд Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаас гадна намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгажээ. Энэ заалтыг улстөрийн намууд цэвэршиж, улстөрчид өөрсдийн ашиг сонирхлоор бус улс нийгмийнхээ төлөө тогтвортой бодлогоо хадгалж, ажилладаг болно гэж харж байна.  
  4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтоож, Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг  хориглосон нь чухал заалт болсон болов уу.
  5. Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг тусгаж өгсөн нь нэг чухал ахиц дэвшил болжээ. Энэ заалтын дагуу Улсын Их Хурал улсын төсвийг дур зоргоор өөрчилдгийг хязгаарлаж, харин тооцоо, судалгаатай төсөв батлагддаг болох болов уу. Болов уу гэж таамаглан харж байгаагийн учир нь гагцхүү Үндсэн хуулиа дагаж мөрдөн, сахин биелүүлж чадах эсэхээс л хамаарах учраас тэр юм.
  6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах заалт орсныг хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрч байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийг хариуцлагатай байлгах, хууль зөрчихгүй байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой“давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байхаар хязгаарлалт тогтоосон, Улсын Их Хурлаар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах, Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох зэрэг чухал заалтуудыг оруулсан нь улс орныхоо ирээдүйн хөгжлийг харсан, иргэд, нийгмийн сайн сайхны төлөөх чин сэтгэл мэдрэгдсэн зохицуулалт болжээ гэж харж сууна.

Монгол Улсын Үндсэн хууль МЭДЭГТҮН, САХИГТУН! гэдэг үгээр төгсдөг. 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан тухайн үеийн АИХ-ын депутатууд санамсаргүй энэ үгийг сонгож, оруулаагүй байх. Тиймээс эл тэмдэглэлийнхээ төгсгөлд энэ санааг давтанҮндсэн хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дээдлэх чиглэлээр иргэд, байгууллагаас зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар ганцхан санал дэвшүүлье. Ердөө л уншиж мэд, сахин биелүүл.

Одоо дарга, цэрэг гэлтгүй бүгдээрээ уншиж судлан, дагаж мөрдөж, хэлбэртгүй сахин биелүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ нөр их ажлыг жинхэнэ ажил хэрэг болгох хөшүүргийг бүрдүүлж өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, цаг наргүй ажиллаж, гардан батлалцсан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, дэмжиж байсан Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх та бүхэн ард түмэндээ хандаад Үндсэн хуулиа уншиж мэдэн, сахин биелүүлэх талаар уриалж өгнө үү.

Үндсэн хуулиа хэлбэртгүй сахин биелүүлэхийн тулд хамгийн эхэнд мэдээж уншиж мэдсэн байх учиртай тул айл өрх бүр нэгэн цагт морин хуурыг хоймортоо залсан шигээ Монгол Улсын Үндсэн хуулиа нэг удаа худалдаж аваад уншия, өрхийн тэргүүн бүр үр хүүхэддээ уншуулъя.

Сурган хүмүүжүүлэгч багш нар бага балчир гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд Монгол Улсын Үндсэн хууль гэж ийм юм байдаг гэдгийг хүүхэд бүрт танин мэдүүлье.

Хуульч, судлаачид дуу хоолойгоо нийгэмд түгээж, сахин биелүүлэхийг үлгэрлэе.

Байгууллага бүр хувь, хувьсгалын гэлтгүй ажилтан, ажилчиддаа сургалтын цаг гаргаад судлуулъя.

Уншиж мэдэх,  сахин биелүүлэхийг  ажил хэрэг болох хамгийн чухал санал нь Үндсэн хуулийн сургагч багш бэлтгэх явдал юм. Үүнд тийм ч их зардал мөнгө орохгүй. Улсын Их Хурлаас бэлтгэсэн Үндсэн хуулийн сургагч багш нар цааш цааш нь сургагч багш нарыг бэлтгэж, тэд нь зааж сургаж, ойрын хоёр жилдээ компанит ажил болгон өрнүүлчихмээр байна.

Багш нар бэлтгэхэд хэдий л их хөрөнгө мөнгө ороо аж. Сэтгэлээрээ хийсэн ч болох нэр төртэй сайхан ажил болох учиртай юм шүү.

Үндсэн хуулиа МЭДЭГТҮН, САХИГТУН!!!

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Дэнжидийн Батбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 1 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 1 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 1 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 2 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 5 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 19 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 22 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20