Төрсөн эцэг нь бага насны охиноо хүчиндэж, БЗХӨ халдаасан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, охины ээж О цагдаагийн байгууллагад өнгөрсөн 12 дугаар сард энэ гомдлыг гаргаснаар 2019.12.26-ны өдөр Эрүүгийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Ингэхдээ охиныг ээжтэй нь хамт “Түр хамгаалах байр”-нд байрлуулан хамгаалсан байна. Охинд ШШҮХ-ээс холбогдох үзлэг шинжилгээ хийж, мөрдлөгө шалгалтууд явагдаж байгаа аж. Ийнхүү Эрүүгийн хэрэг үүсч, шалгалтын ажиллагаа эхэлснээр хэрэгт холбогдогч 41 настай У оргон зайлсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Харамсалтай нь 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэгт холбогдогч иргэн У өөрийгөө дүүжлэн, амиа хорлосон байдалтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олджээ.
Биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэлд учруулах нь эрүүгийн хуулиар шалгагдаж, бүх насаараа хоригдох хүртэл хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Нөгөө талаас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжуулах, ялангуяа ураг төрлийн хүрээнд хүүхэд нь хохирогч болох эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.
Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн 80 хувь нь ураг төрлийн этгээдүүд байдаг тул төрсөн ах, нагац, авга ах нар, хамаатны, хөрш айлын хүн... зэрэг бүхий л тохиолдолд бүрэн итгэлгүй, хүүхдээ хамгаалагч нь “зөвхөн би” гэсэн хяналтыг цаг тутамд тавьж байх нь хүүхдээ гэмт хэргийн хохирогч болж, насан туршдаа хар толботой амьдрах эрсдэлээс хамгаалах алхам юм.
Мөн хүүхдэдээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн “миний биеийн аюулгүй дүрэм”-ийг хэлж ойлгуулах шаардлага байна. Ингэснээр бага насны хүүхэд ч ойлгох боложтой бөгөөд хэн нэгэн биеийнх "эмзэг" хэсгүүдэд хүрэхэд татгалзах, эцэг эхдээ хэлэх ёстойг ойлгох юм. Уншигч та бүхэнд хүүхдүүддээ зааж өгөх “Миний биеийн аюулгүйн дүрэм”-ийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна