Өчигдөр /2019.12.30/ орой ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хятад иргэнээс авлига авч байгаад АТГ-ын мөрдөгчдөд үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Х.Оргил-Эрдэнэ нь тухайн иргэнтэй гадуур уулзаж, 20 мянга орчим юанийн авлига авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг хятадын дөрвөн компани хуваан гүйцэтгэж байгаагийн нэг компанийнх нь төлөөлөл ийнхүү авлигын мөнгөө Х.Оргил-Эрдэнэд бэлнээр авчран өгч байгаад үйлдэл дээрээ баригдан, цагдан хоригджээ. АТГ-ын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ийнхүү баригдсанаар 48 цагийн хугацаанд цагдан хоригдох бөгөөд үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх байгууллага шийддэг. Х.Оргил-Эрдэнэ болон түүнтэй хамт баригдсан хятад иргэний цагдан хорионы 48 цагийн хугацаа маргааш /2020.01.01/-ийн 15.00 орчимд дуусгавар болох юм. Тэднийг хорьж шалгах уу, суллаад явуулах уу гэдэг нь шүүх байгууллагын шийдвэрээс хамаарна.
Х.Оргил-Эрдэнэ гэж хэн бэ?
Халтарын Оргил-Эрдэнэ нь сонгуулийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 29-ны өдөр ЗТХЯ-ны хэлтсийн даргаар томилогдсон. Түүний ахалдаг Замын ашиглалт, засварын хэлтэс нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дор харьяалагддаг. Үүнийг тодруулахын учир нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг мөн л АТГ-аас авлигын хэргээр баривчлан шалгаж байгаа. Ийнхүү газрынх нь дарга Д.Доржханд хуулийн байгууллагаар шалгагдаж, ажлаа хийх боломжгүй болсноор түүний үүрэг гүйцэтгэгчээр Х.Оргил-Эрдэнэ ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ газрынхаа даргын авлигын хэргийг ч мөн үргэлжлүүлэн гүйцэтгэсэн бололтой.
Х.Оргил-Эрдэнийн жилийн нийт орлого 17 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 14 сая төгрөг, нийтийн орон сууцанд амьдардаг, тоёота хайландер болон суудлын жижиг автомашинтай, тэдгээрийгээ 71 сая төгрөгөөр үнэлсэн, 170 ямаа, 150 хонь, 30 үхэр, 30 адуу нь 61 сая төгрөгийн үнэлгээтэй, 20 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т мэдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна