Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тушаалаар ажлаасаа халагдаад, шүүхэд гомдол гаргасан төрийн албан хаагчдын урт жагсаалт бий. "Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан тул ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нь нөхөн олгож, даатгалыг төлөх шүүхийн шийдвэр гарсан" ч төрийн сайд С.Чинзориг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй байна. Энэ асуудлын нэг жишээ нь Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нь "хууль бус" гэдгийг гурван шатны шүүх тогтоосон Д.Баттогтох манай сайтад хандан ярилцлага өгч байсан юм. Тэгвэл бас нэгэн коллежийн захирлын асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, Монгол Солонгосын политехник коллежийн захирлаар ажиллаж байгаа Х.Цэгмид нь дээд боловсрол эзэмшээгүй нэгэн гэх мэдээлэл байна. Тэрбээр 1990 онд ХААИС-д элсэн суралцсан боловч тус сургуулийн захирлын 1992 оны 12-р сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулиас хөөгджээ.
Бид энэ мэдээллийг баталгаажуулах үүднээс Үндэсний төв архиваас мэдээллийг шүүлгэхэд "Х.Цэгмид нь ХААИС-ийн 1993-1995 онд сургууль төгссөн тушаал гараагүй байна" гэсэн мэдээллийг авсан болно. Ийнхүү дээд боловсролгүй нэгэн боловсролын байгууллагыг даргалан ажиллаж байж болзошгүй байгаа юм.
Оюутан сурагчдад мэдлэг боловсрол олгодог боловсролын байгууллагад боловсролгүй нэгэн ажиллаж байгаа бол эмгэнэл. Тэрбээр ямар албан тушаалтны захиалга татаасаар энэ албанд томилогдсон нь бүр ч том асуудал үүснэ.
Х.Цэгмидийг тус коллежийн захирлаар томилогдохын өмнө хуучин захирлыг нь ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаасаа халагдсан хуучин захирал нь харин гурван шатны шүүхээр "үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь тогтоогдсон" ч гурван жилийн хугацаанд ажилдаа эргэн орж чадахгүй яваа юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй төрийн сайд С.Чинзориг шударгаар ажиллаж хөдөлмөрлөж яваа алба хаагчдыг халж солиод, оронд нь боловсролгүй "өөрийн" хүнээ томилдог байж болзошгүй юм. Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна