"Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй"... талийгаач Г.Баасанжаргал тангарагийн баяраараа ийнхүү нийгмийн сүлжээнд эр цэргийн алба хааж байгаагаараа бахархан мэдээлэл оруулж байжээ. Харин үүнээс 20 хоногийн дараа тэр амиа алдсан юм.
Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184-р ангийн алба хаагч, байлдагч Г.Баасанжаргал амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаачийн төрсөн ах Г.Баянжаргал манай редакцид хандсан бөгөөд түүнээс болсон явдлын талаар тодруулснаа хүргэж байна.
Танай гэр бүлд тохиолдсон явдалд эмгэнэл илэрхийлье. Анх энэ мэдээг хэн дуулгасан бэ?
2019 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 21.18 минутад Хилийн цэргийн 0184-р ангийн захирагч, Хурандаа н.Түвшинжаргал гэдэг хүн манай аавтай утсаар ярьж, "Танай хүү өнгөрчихлөө" гэдэг мэдээллийг өгсөн. Ингэхдээ "танай хүү тэмээнд явсан. Эндсэн байдалтай олдсон" гэж хэлсэн. Бид тэр шөнөдөө цэргийн анги руу хөдөлж, долоодугаар сарын 1-ний өдөр очсон. Цэргийн анги нь Сүхбаатар аймгийн Онгон суманд байдаг
-Цэргийн ангид очиход ямар нөхцөл байдалтай байсан бэ?
-Дүүгийн маань цогцосыг моргт хийсэн байсан. Бид Сүхбаатар аймгаас томилогдон ирсэн Ажлын хэсгийнхэнтэй хамт орсон. Хяналтын прокурортой, хоёр шинжээчтэй, мөрдөн байцаах тасгийн дарга нь ахлаад, есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Задлан шинжилгээ хоёр цаг орчим үргэлжилсэн. Дүүгийн маань зүүн хөлний өвдөгнөөс доош 10 орчим см-т цус хуралдаад тав тогтсон байсан. Зүүн өвдөгний тойгны дотор хэсэгт хөх няц болсон хоёр толбо байсан. Мөн цээжиндээ, зүүн хөхний доод хэсэгт мэсээр зүссэн байж болзошгүй, тав нь хууларч унасан улаан ягаан сорви байсан. Энэ бүхнээс хараад ямар нэгэн байдлаар гадны нөлөөтэй амиа алдсан гэж бид үзэж байгаа.
-Сорвинуудын талаар цэргийн ангийн удирдлагууд тайлбар хэлсэн үү?
-Хөхөрч бяцарсан сорвийг тайлбарлаагүй. Мэсээр зурагдсан мэт сорвийг "гинжинд урагдсан" гэж хэлсэн. Гинж өөрөө мохоо хэлбэртэй. Тэгэхээр урагдах уу гэдэг бас эргэлзээтэй. Шинжээч нар ажлаа хийсэн. Шударга үнэн дүн гарна байх гэж найдаж байна.
-Дүүг тань амиа хорлож нас барсан гэж цэргийн ангийн удирдлагууд мэдээлэл өгсөн байна?
-Тийм. "Тэмээнд явсан. Амиа егүүтгэн нас барсан байж болзошгүй" гэсэн л тайлбар хэлээд байгаа.
-Яг юу болсон юм бол?
-Цэргийн ангийнхны зүгээс "зургаадугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд таван цэргийг тэмээнд явуулсан байна. Маш хурдан авчир гээд гүйлгэжээ. Тэдний нэг нь халагдах цэрэг байсан. Цэргүүдийг бүгдийг нь тавчигтай гурван км газарт явуулсан байна. Ингээд таван цэрэг гүйж яваад, манай дүүгийн хөл нь доголоод замдаа үлджээ. Бусдадаа "араас чинь очъё" гэж хэлээд үлдэж. Дүүгийн маань үлдсэн газар нь застабаасаа харахад нүдэнд ил харагдах газарт байж. Нөгөө дөрвөн цэрэг түрүүлээд гүйсэн байгаа юм. Тэд тэмээгээ аваад, Застаб дээрээ ирсэн хойноо дүүг маань эргэж ирээгүйг мэдсэн байгаа юм. Ингээд Застабын дарга, нэг ахлагчтайгаа мотоциклоор эрэлд гарсан байна. Тэд "дүүг маань застабаасаа урд зүгт хайлаас модноос өөрийгөө дүүжилсэн байдалтай" олдсон гэж хэлсэн.
Миний дүү "Чухал амжилт" сургалтын төвд ковш, хүнд механизмын оператор мэргэжлээр суралцаж байгаад сургуулиа орхиод дурлаж, зүтгэсээр байгаад цэрэгт явсан. Тэгж явчихаад амиа хорлочих хүүхэд биш. Багаасаа мал дээр, хоёр ахынхаа даруулгад өссөн. Хүнээс ганц нэг үг сонсох, шанаа авахад зүрх нь мохоод сэтгэлээр унах хүүхэд биш. Тэмээ малд явснаасаа болоод, тавчигтай гүйснээсээ болоод амиа хорлох хүүхэд биш. Хөл нүцгэн уул даваад ирсэн ч чадах л хүүхэд. Миний дүү малд их хайртай. Цэрэгт явахдаа л "Адуучин цэрэг болно" гэж дурласаар явсан. Тангарагийн баяраар нь очиход ч маш өндөр сэтгэгдэлтэй, адуун дээр гарна гээд л ярьж хөөрч байсан. Дүүд маань найз охин байхгүй. Сэтгэлээр унах, санаа зовох зүйл байхгүй. Миний дүүд амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй.
-Тангарагийн баяр сая зургаадугаар сард болсон. Танайхаас хэн хэн очсон бэ?
-Миний дүү 2019 оны тавдугаар сарын 6-ны өдрийн даваа гарагт нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас цэргийн албанд татагдсан. Цэргийн албан очоод нэг сар 24 хоног болоод амиа алдлаа. Тангарагийн баяр нь зургаадугаар сарын 8-ны өдөр болсон. Баяраар нь аав, ээж, хоёр ах нь, бага эмэгтэй дүү нь очсон. Миний дүү дээрээ хоёр ахтай, хоёр эмэгтэй дүүтэй, айлын дунд хүүхэд байсан.
Зургаадугаар сарын 9-ны өглөө тангараг өргөсөн. Тэр өдрөө тоглолт хийгээд, миний дүү бөх барилдаад бидэнтэй хамт хоносон. Дүүгийн маань төрсөн өдөр зургаадугаар сарын 12-нд болдог. Бид тангарагийн баяраар нь очихдоо 21 насных нь төрсөн өдрийг нь урьдчилж тэмдэглэж өгөөд, 10-ны өглөөний 09 цагт бид дүүгээ үлдээгээд ирсэн.
Тангарагийн баяраар очиход дүү маань цэргээс халагдаад, буцаад Өвөрмонгол руу явж, адуу маллана гэж ярьж байсан. Адуунд маш их хайртай хүүхэд байсан юм.
-Өвөрмонголд ажиллаж байсан юм уу?
-Дүү маань 18 нас хүрээгүй байхдаа Хятад руу гарч, Өвөрмонголд морь уяж, адуу хариулж жил гаруй ажиллаж байгаад ирсэн. Малд их хайртай. Хэрэв дүү маань бусадтай хэл амаа олж чаддаггүй, нийтэч биш, сэтгэлийн тэнхээгүй хүүхэд байсан бол жил гаруй хугацаанд хүний нутагт, гадаад хүмүүстэй ажиллаж чадахгүй басйан юм. Эх орондоо, "Эх орны хүү болноо" гээд дурласаар явсан дүү маань зүгээр л жаазтай зураг болчихлоо. Харамсаж, гомдож байна. Аав, ээж хоёр маань маш хүнд байна. Ээжийн маань даралт ихсээд, ухан алдаж унаад хүнд байна.
-Та бүхэн дүүгээ амиа егүүтгэсэн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Өөр хардах үндэслэл шалтгаанууд юу байна вэ?
-Дүү маань застабаасаа харагдах орчинд бусад цэргүүдээсээ тасарч үлдсэн. Магадгүй дарга нар нь араас нь анхаарал тавьж харж л байсан байх. Суугаад үлдэхээр нь араас нь очоод "Яагаад гүйдэггүй юм, явдаггүй юм" гэгчлэн дэглэсэн, зодсон асуудал байж болзошгүй гэж хардаж байна. Биенд нь үлдсэн шарх сорвиуд байгаа болохоор гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байна.
Дүү маань бусад дөрвөн цэргээс салаад үлдсэнээс хойш хоёр цаг орчимын дараа ирээгүйг нь мэдсэн байгаа юм. Тэгээд ямар ч онц байдал зарлаагүй. Зүгээр л Застабын дарга нь ахлагчтайгаа мотоциклоор хайсан. Тэр хугацаанд дүүг маань олчих ч байсан юм билүү, Яагаад онц байдал зарладаггүй, тоодоггүй юм гэдгийг гайхаж, харамсаж байна. Цэрэг ангийнхаа хашааг давахад л онц байдал зарлаж, бүх хүчээр эрэн хайх ёстой шүү дээ. Гэтэл яагаад?
-Уучлаарай
... Шүүх шинжилгээний хариу үнэн бодитой гарах байх гэж хүлээж байна. Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яамнаас манай гэр бүлийнхэнтэй холбогдсонгүй, эмгэнэл илэрхийлсэнгүй. Цэрэг эрсдэх явдал зүгээр л хэвийн үзэгдэл болсон юм уу?
Цэргийн тангараг өргүүлээд л, "Эх орны хүү боллоо" гээд л ээж, ааваас нь аваад явсан шүү дээ. "Бид аав, ээж нь болж байна, бүх зүйлийг нь бид хариуцна" гээд авч явчихаад эцэст нь жаазтай зураг болгоод явуулж байна.
Эрүүл саруул, хүсэл мөрөөдөл дүүрэн явсан дүүгийнхээ хөх няц болсон цогцсыг задлан шинжилгээнд оруулчихаад, гэрт нь авчирчихсан байна. Баасан гарагт ажил явдал нь болно. Энэ байдал энэ салбарт хэр удаан үргэлжлэх вэ? Бид гомдлоо яаж тайлах вэ?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна