МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан талаар бид мэдээллэсэн. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж.АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байна. Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авч байсан гэх хэрэгт буруутгагдсан.
Мөн "Монголросцветмет" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг эрх мэдэл албан тушаалаа урвуулж их хэмжээний мөнгө хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэн баривчлаад байсан. АТГ-аас дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтээ прокурор, шүүхийнхэнд хүргүүлсэн ч уг саналыг хүлээж аваагүй байна. Улмаар батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна