ТРАМП ТАМИРЧИДТАЙ "ДАЙТАЖ" ЭХЛЭВ

Admin
Өчигдөр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд улсынхаа мэргэжлийн лигийн тамирчидтай илт зөрчилдөж бас нэгэн дуулиан дэгдээлээ.

NBA-гийн аварга багийнхныг цагаан ордонд АНУ-ын төрийн тэргүүн хүлээн авч уулздаг уламжлал бий. Гэлээ ч энэ жил тийм явдал болохгүй нь тодорхой болоод байна. NBA-гийн аварга "Голден Стэйт Уорриорз"-ын од Стефен Карри Цагаан ордонд очих эсэхдээ эргэлзэж буйгаа мэдэгдсэний дараагаар Дональд Трамп хариултаа тун удаасангүй.

"Би хувьдаа тийш очихыг хүсэхгүй. Миний итгэл үнэмшил, үзэл бодол хэвээрээ. Бид зөвхөн Цагаан ордонд очихоос татгалзаад байгаа хэрэг бус харин үүгээрээ дамжуулан зохих өөрчлөлтийг хүсч буйгаа харуулахыг хүсч байна" хэмээн Стефен Карри мэдэгдсэн юм.

Үүний дараагаар Дональд Трамп "Аварга болсон багийн хувьд Цагаан ордонд зочилно гэдэг үргэлж нэр төрийн хэрэг байсаар ирсэн. Гэвч Стефен Карри эргэлзээд байгаа тул урилгыг бид цуцаллаа" хэмээн жиргэсэн юм.

Ийнхүү NBA-гийн аварга баг АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт хийхээргүй боллоо. Энэ үйл явдлын талаар сагсанбөмбөгийн одод өөр өөрийн байр сууриа илэрхийлээд байна.

"Голден Стэйт"-ийн дасгалжуулагч Стив Керр "Ийм шийдвэрт би гайхаагүй. Биднийг очихгүй гэж мэдэгдэхээс өмнө тэр мэдэгдэл хийчихлээ. Ер нь бол Цагаан ордонд аварга баг зочилно гэдэг утга агуулгын хувьд сайхан санаа. Бас нэр төрийн хэрэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглал, төр засагтаа хүндэтгэл үзүүлж буй явдал.

Өөрийн туршлага дээрээ тулгуурлаад ярихад, Цагаан ордонд зочилсноор улс төрийн сөрөг байр сууриа ч хойш нь тавьж байгаа хэрэг юм. Жишээ нь, би Рональд Рейган, Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама гээд сүүлийн үеийн бүх Ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Тэдэнтэй зөрчилдөх тал надад байсан ч гэсэн би очиж хүндэтгэл үзүүлж байлаа.

Жирийн нөхцөлд бол улс төрийн сөрөг байр сууриа мартаж болно. Гэвч одоо бол жирийн нөхцөл биш. Магадгүй миний амьдралдаа үзсэн улс орон хамгийн их хагаралтай байгаа үе байх. Ерөнхийлөгч өөрөө хүндлэхүйц хэмжээнд байж чадахгүй байна" хэмээн өгүүлжээ.

Харин NBA-гийн од, эдүгээ TNT-д тоймчоор ажиллаж буй Чарльз Баркли "Маш харамсалтай. Хэн Ерөнхийлөгч байгаагаас үл хамааран Цагаан ордонд зочилно гэдэг л өөрөө том нэр төрийн хэрэг. Залуус Ерөнхийлөгчтэй уулзаад хамтдаа сууж, санаа зовж буй асуудлуудаа ярилцах байх гэж би бодож байлаа.

Бид бүхнийг цагдаа нарын энэ дээрэнгүй, харгис байдал түгшээж байгаа шүү дээ. Мөн хууль бус цагаачдыг хөөн гаргаж буй явдалд эмзэглэж байгаа. Өмсгөл гардуулах гэх мэт ёс төдий үйл ажиллагааныхаа хажуугаар энэ талаар залуус яриасай, хэлээсэй гэж би хүсч байсан. Гэвч маш харамсалтай байна. Үнэнээ хэлэхэд, гунигтай санагдлаа. Ерөнхийлөгч таалагдахгүй байна гээд тамирчид Цагаан ордонд очихоос татгалзаад ирэхээр таагүй нөхцөл байдал улам гаарна" гэж тэрбээр өгүүлсэн байна.

Леброн Жеймс ч мөн амаа хамхиж суусангүй. "Үнэнээ хэлэхэд, би ч гэсэн сэтгэл дундуур байна. Ерөнхийлөгчөөр сонгосон энэ эр биднийг дахиад л хагалан бутаргах алхам хийлээ. Энэ үед америкчууд бид бүр илүү ихээр эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Энэ бол маш чухал цаг үе. Би энэ үгсийг та бүхэнд хандаж зайлшгүй хэлэх ёстой гэж үзлээ" хэмээн Леброн Жеймс өгүүлжээ.

Харин Стефен Карри ийн мэдэгдэв. "Үнэндээ бол дэндүү утгагүй зүйл болж байна. Яагаад тэр заавал миний нэрийг цохон тэмдэглэж яриад байгаа юм? Яагаад өөр хэн нэгнийг хэлээгүй юм? Ойлгохгүй байна. Улсын тэргүүн хүнд баймгүй чанар. Төрийн тэргүүн хүн ийм зүйл хийдэггүй" гэж Стефен Карри мэдэгджээ.

Дональд Трампын тамирчидтай шөргөөцөлдөх явдал үүгээр төгссөнгүй. Тэрбээр Америкийн Мэргэжлийн Хөлбөмбөгийн Холбоо /АМХХ/-ны багуудын зарим тамирчдыг төрийн дуулал эгшиглэх үед үл хүндэтгэн, сууж эсэргүүцэл зарлаж буйд эгдүүцэн, тэднийг багаас шууд хасах хэрэгтэй гэж мэдэгдлээ.

"Манай улсын төрийн дууллыг хүндлэхгүй байгаа тамирчнаа АМХХ-ны удирдлага хараад "Энэ гичийн хүүг одоо талбайгаас зайлуул. Түүнийг багаас хас" гэж хэлээсэй гэж та бүхэн хүсэхгүй байна гэж үү?" хэмээн Дональд Трамп индэр дээрээс чанга дуугаар мэдэгджээ.

Америкийн мэргэжлийн зарим хөлбөмбөгчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, төрийн дуулал эгшиглэх үед өвдөглөн суух байдлаар эгдүүцлээ илэрхийлэх явдал гарах болсон. Гэлээ ч АМХХ-ны удирдлага "Ерөнхийлөгч заагийг давж, тамирчдыг зүгээр амаа хамхиад тогло гэж байна" хэмээн мэдэгджээ.

Мөн төрийн дууллын үеэр өвдөглөн суусан тамирчдын анхдагч болох Колин Каперникийн эх Тереза олон нийтийн сүлжээгээр эгдүүцлээ илэрхийллээ. "Хэрвээ ингэж байгаа юм бол би бардам гэгчийн гичий юм байна л даа" гэж тэр жиргэжээ.

Ийнхүү Дональд Трампыг тойрсон шуугиан, сөргөлдсөн үзэд бодлууд үргэлжилсээр байна. Гэхдээ зарим тоймчдын дүгнэж буйгаар бол Дональд Трампын "Америкийг дээдлэх" үзлийг сэргээхийн тулд хийж буй алхам бүр нь нэг хэсэг хүмүүст таалагдахгүй байгаа ч түүнийг дэмжигчдийг улам баярлуулж, нэмэгдүүлж буй гэнэ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 1 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 3 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 7 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 7 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 9 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 9 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 9 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр