Хойд Солонгосоос АНУ-ын мэдлийн арал Гуамд пуужингийн цохилт өгөхийг сануулсан утга бүхий дүрс бичлэгийг дэлхий нийтээр тараалаа. АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан хээрийн сургуулиа зогсоохгүй бол "энэрэлгүй хариулт цохилт өгнө" гэж Пхеньянаас илгээсэн санамжит дүрс бичлэгт өгүүлжээ.
Тус дүрс бичлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг цэргүүдийнхээ шарилыг харж зогсоо байдлаар дүрсэлсэн байна. Хойд Солонгосын Зэвсэгт Хүчин Hwasong-12 баллистик пуужинг Гуам руу харвах туршилт ажиллагаа хийж буйг тус улсын удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр очин шалгаж, сэтгэл хангалуун буцсан гэдэг.
"Америкчууд нүдээ анилгүй унтаж, чихээ соргог байлгах хэрэгтэй. Өдөр шөнийн аль нэгэнд нь тэднийг Hwasong-12 пуужин цочоох болно. АНУ-ын төр засаг үүсч болох нөхцөл байдлын талаар дахин тунгаан бодоосой гэж бид хүсч байна" хэмээн дүрс бичлэгт дурьджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар хурц мэдэгдлүүд ээлжлэн хийж, дайны нөхцөл байдал үүсч магадгүйг сануулаад байгаа билээ. Тиймээс ч энэ үед Хойд Солонгос дунд тусгалын дөрвөн баллистик Hwasong-12 пуужинг Гуам руу харвахаар зэхээд байгаа юм.
"Хэрвээ янкууд ухаангүй үйлдлээ үргэлжлүүлээд байх юм бол бид хариу шийдвэртэй цохилт өгнө. Тэгэхээр ухаалаг сэтгэж, зөв шийдвэр гаргахыг зөвлөе. Үгүй бол БНАСАУ-ын зүгээс өгөх цохилт та бүхэнд гутамшиг гашуудлыг мэдрүүлэх болно" хэмээн Ким Чен Ун мэдэгджээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна