Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймагт очжээ. Тодруулбал, тэрбээр 03.02-нд Улаанбаатарт ирээд, 05-ны өдөр Улаангом хотод очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгаа бөгөөд тэнд нь тусгаарлажээ. Увс аймгийнх удирдлагууд шуурхай ажиллаж, тухайн иргэнийг тусгаарлаад байна. Тэрбээр Увс аймагт 50 гаруй хүнтэй уулзсанаа хэлжээ.
Франц иргэнтэй зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлалаа гэсэн мэдээллийн мөрөөрөр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай холбогдоход дараах мэдээллийг өглөө.
-Англи улсын иргэн Энтони Дрейк гэдэг 67 настай хүн. Нөгөө Францын иргэнтэй зэрэгцээд сууж ирсэн юм байна. Бид ирсэн мэдээллийн дагуу шалгаад тийшээ шуурхай групп явуулсан. Тэр хүн одоо хээр байгаа. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Хар халзат багийн Ямаат гэдэг газар бид тусгаарлаад байж байна. За энэ хүн байгалийн зураг, ан амьтны зураг авдаг хүн юм байна. Улаанбаатараас гуравдугаар сарын 5-ны “Аэромонголиа” онгоцоор Баян-Өлгий ороод, тэндээсээ Улаангомд ирсэн байсан. Тогоочтойгоо, жолоочтойгоо, орчуулагчтайгаа хүн. Тэгээд эндээс дөрвүүлээ зураг аваад явахдаа, байгаль хамгаалагчийн хажууд тусгай гэр бариулаад гарсан юм байна. Бид бүх хүнийг тусгаарлаад явсан газруудыг зураглалыг нь хийчхээд байж байна. Тэр хүний биеийн байдал одоогоор хэвийн. Тэгээд тэр дөрөв хоног байсан газар нь, хөдөө тусгаарласан.
Аймгийн хэмжээнд гамшгийн үед авах ёстой арга хэмжээг аваад явж байна. Улаангомд нэг хоносон, тэгэхдээ хоёр дэлгүүрээр, нэг ресторанаар орсон байна. Тэр бүх газраар орохдоо уулзсан бүх хүмүүсийг нь тодруулж байна. Хамт онгоцоор ирсэн Баян-Өлгийн 29 зорчигч, Увсын 24 зорчигч байна. Тэдэнтэй бүгдтэй нь гэртээ тусгаарлаарай гээд холбоо бариад явж байна. Нийт 50 орчим хүнтэй уулзсан байна. Аймгийн хэмжээнд орох гарах хөдөлгөөнийг бүгдийг хаасан. Одоогоор барааны захаа хаасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна