О.Санчирбал: Биеэ үнэлэх, мөрийтэй тоглох зэрэгт торгуулаад өнгөрдөг байсан бол одоо ЯЛ ЭДЭЛДЭГ болсон


Энэ оны нэгдүгээр сард Эрүү болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн онцлох заалтууд, хуулийн өөрчлөлт хөрсөн дээр хэрхэн буух талаар хуульч О.Санчирбалаас тодрууллаа.

Нэмэлт өөрчлөлт нэгдүгээр сарын 10-ны өдөр орсон. Хэрэгжилт хэзээнээс эхэлсэн, ямар чухал заалтууд байна вэ?

Хуулийн хэрэгжилт хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Дээрх хуулиудад олон нийтийн дунд маргаан үүсгэж байсан хэд хэдэн зөрчлийг Эрүүгийн хуульд оруулснаараа онцлогтой. Тухайлбал Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд “Биеэ үнэлэхийг зохион байгуулах”, 13.14 дугаар зүйлд “Худал мэдээлэл тараах”, 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” зүйл заалтуудыг нэмж нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцох болсон.

 

Таны дурдсан зүйл ангиуд нь өмнө буюу 2017 оны хуулиар зөрчлийн хэрэг байсан гэж үү?

Тиймээ. Жишээлбэл Эрүүгийн хуульд орсон “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуульд “Гүтгэх” зөрчил байсан бөгөөд хүнийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэдэг байсан.

Харин дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд тусгагдаж хэрэгжсэнээрээ 450 мянгаас 1 сая 300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

 

“Худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэг болсон гэлээ. Хууль санаачлагчаас сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг дордуулж тэдгээрийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах боломжтой болсон байна. Энэ тал дээр та хуульчийн зүгээс ямар байр суурьтай байна?

Дээрх зүйл нь зөвхөн сэтгүүлчдэд зориулсан зүйл анги нь гэдэг нь арай өрөөсгөл ойлголт юм. Учир нь Худал мэдээлэл тараах гэмт хэргийн гол шинж нь “...хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” шинжийг заасан. Энэ нь ямар ч хүн /улстөрч, сэтгүүлч, албан тушаалтан/ байж болно. Нэг үгээр хэлбэл илтэд худал мэдээлэл буюу уг үйл явдал болоогүй зүйлийг болсон мэтээр тараасан байхыг шаардана.

Харин сэтгүүлчид маань Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасны дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно гэх заалтын дагуу тэдгээрийн эрх ашгийг хөндөж байна хэмээдэг. Харин хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “...хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Энэ нь худал мэдээлэл тараах хууль зүйн ойлголт биш юм. Хүний нэр төр, алдар хүнд нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх юм.

Гэтэл зарим тохиолдолд санаатайгаар хүн, хуулийн этгээдийн нэр хүндийг санаатайгаар унагаснаар учрах хор уршиг нь маш их юм.

 

Жишээ нь?

Одоогийн нийгэмд сошиал хөгжсөн энэ үед иргэн Б-г шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад улс төрийн зорилгоор ямарваа нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн нэр хүндэд нь халддаг. Бодит байдал дээр Б нь гэмт хэрэг үйлдээгүй, уг үйл явдалтай ямар ч хамаагүй байх жишээний. Үүнээс улбаалаад Б-н ойр дотно хүмүүс, танилын хүрээнийхэн цаашлаад ард иргэд Б-г гэмт хэрэг үйлдсэн хэмээн нийгмээс тусгаарлаж харж байгаа нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд ихээхэн хор уршигтай юм. Тиймээс мэдээлэл нийтлэхдээ мэдээллийнхээ эх сурвалжийг үнэн бодитой мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээх нь байна. Харин хэн нэгний захиалгаар худал мэдээллийг нийтэлснээр өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй болж байна.

 

Мөрийтэй тоглоомын асуудлаар тодруулъя. Өмнө нь зөрчлийн тухай хуульд мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй байсан, 200 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг байлаа шүү дээ.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт “...Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

2 дахь хэсэгт “...Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зохион байгуулсан этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэхээр заасан.

Өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “...Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилж тоглосон болон зохион байгуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

 

Нийгэмд саун, массаж нэрийдлээр биеэ үнэлэх явдал их байдаг. Энэ тал дээр хуулийн дагуу хэрхэн хариуцлагажуулахаар болсон бэ?

Зарим охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох гэж биеэ үнэлэх нь олширсон. Уг хууль бус үйл ажиллагаатай тэмцэхээр УИХ-с Эрүүгийн хуульд хуульчилж хууль зөрчсөн этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

1. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Иймд иргэдийн зүгээс дээрх гэмт хэргийн холбогдогч болон хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хэрэв таны эрх зөрчигдсөн тохиолдол холбогдох хуулийн байгууллагад хандахыг хуульчийн хувиар зөвлөж байна.

 

Мэдээлэл өгсөнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 24 минутын өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 13 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26