ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан:
-Өвчнөөс сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй гэдгийг ард иргэд сайн ухамсарлаж, дэмжиж байгаад талархаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй байдал гаргаж байна. Тухайлбал, УОК-ийн шийдвэр гаргаад шаардлагатай гэж тусгаарласан иргэд зөрчил гаргаж байна. Хөвсгөл аймгийн харьяат Б гэгч эмэгтэй, өөрөө сувилагч, эрүүл мэндийн ажилтан атлаа бусдыг тусгаарлаж байгаа газрыг орхиж явъя гэж турхирч, жагсаал маягийн юм хийх гэж оролдсон байна. Хоёрдугаар эмнэлэгт байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авчирсан согтууруулах ундааг ууж, бусдад уулгах гэж оролдсон, бусад өрөөний хаалгыг татсан үйлдэл гаргасан. Мөн ХӨСҮТ дээр тусгаарласан иргэдийн зарим нь гарна гэж дураараа авирласан үйлдэл гаргасан. Монгол улс нь олон төрлийн эрх чөлөөтэй ч гэлээ хүний амь нас, эрүүл мэндээс илүү эрх чөлөө гэж байхгүй. Иймд өөрийн эрх чөлөө гэж ярихаас өмнө бусдын амь нас, эрүүл мэндийг хүндэтгэж, УОК-оос тавьж байгаа шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан хариуцлага тооцно. Эрүүгийн хуулиар, Зөрчлийн хуулиар заасан арга хэмжээг авна. Өнөөдөр гарсан зөрчил дээр баримт цуглуулж байгаа бөгөөд дараа нь хориг арга хэмжээ дуусахаар хатуу арга хэмжээ тооцно.
Гарсан тохиолдол бүрийг бид баримтжуулж байна. Нэг хүн онгоцноос буугаад Налайх руу зугтсан хэрэг гарсан. Зарим тусгаарлагдахдаа өөр газар тусгаарлагдана гэж гэсэн. Эмч нарын тавьж байгаа шаардлагыг эсэргүүцдэг, дураараа дургиж байгаа хүмүүст тухай бүрд хариуцлага тооцно. Ингэж ухамсаргүй байж болохгүй ээ. Цаашид ч энэ хандлагаа үргэлжлүүлсэн хэвээр байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд үйлдлийг нь зарлана.
Тухайлбал, Итали улсаар дамжиж ирсэн Ш, А гэсэн хоёр хүн байна. Энэ хоёр нь Н гээд хүүхэд дагуулж явсан. Тэгээд явсан газраа тодорхой мэдүүлээгүй, ташаа мэдүүлээд баахан ажил удсан. Энэ мэт бүх үйлдлийн ард тодруулах гэж асар зардал гарч байгааг ойлгох хэрэгтэй. Тодруулах гэж хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ бол нэг ч гэсэн иргэнээ халдвар авхуулахгүй гэсэндээ хийж байгаа зүйл. Бүгд хариуцлагатай ухамсартай байцгаая.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна