Ерөнхий жижүүр нарын дөрвөн хүнийг энэ сарын 17-ны өдөр шүүнэ
Төрийн хамгаалалттай хорих байранд иргэн амиа алдсан хэргийн учир шалтгаан тодорхой бололгүй нэг жил болсны дараа шүүх хурал энэ сарын 17-ны өдөр товлогдоод байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа суллагдахаасаа хоёр цагийн өмнө хөхний даруулгаараа амиа егүүтгэсэн талаар мэдээлэгдсэн.
Уг хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүгдэгч ахмад Г.Сүхболд нь тухайн үед 461-р ангийн Ерөнхий жижүүрээр ажиллаж байсан юм. Ахлах ахлагч н.Уранбайгаль нь тухайн жигүүрийн хянагч, ахмад н.Магваан ээлжийн дарга, оператор дэд ахлагч Д нарыг шүүх юм. Харин удирдлагаар хангах үүрэгтэй тус ангийн дарга Б.Түвшинтөгс, Дэд дарга н.Даваасүрэн шүүгдэгч биш.
“Хариуцлага алдсан ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн” гэж мэдээлсэн ч өөр ангиудын даргаар томилон явуулжээ
Уг хэрэг гарсан даруйд ШШГЕГ-аас мэдээлэл хийсэн. Ингэхдээ “ажлын хариуцлага алдсан есөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэсэн юм. Тодруулбал, давхрын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, дүрс бичлэгийн ажилтан, ерөнхий эргүүл, ээлжийн дарга нар болон тус газрын даргыг ажлын байран дээрх хяналтаа сулруулж, хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон гэж ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр мэдээлсэн.
Гэвч тухайн үеийн мэдээлэл ХУДАЛ. Учир нь тухайн есөн ажилтанд ээлжийн амралтыг нь олгоод явуулсан бөгөөд амралт нь дуусаад эргэн ирэхэд доод албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөөд, харин 461-р ангийн дарга болон Дэд дарга нарыг өөр хорих ангиудын удирдлагаар томилон явуулсан байна. Тодруулбал, 461-р ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Түвшинтөгсийг Хархорин дахь хорих ангийн даргаар, 461-р ангийн дэд даргаар ажиллаж байсан н.Даваасүрэнг ШШГЕГ луу томилон ажиллуулж байна. Энэ нь “хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн” гэх мэдээлэл хийгээд өөр албан тушаалд томилсон нь “дарга нар хариуцлага алдвал харин ч албан тушаалаар шагнагддаг” мэтээр ойлгогдож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна