Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тухайн хоёр бөх А сорьцын шинжилгээ авснаас хойш ажлын 10 хоногт багтаан В сорьцын шинжилгээ өгөх бол хүсэлтээ бичгээр гаргах ёстой. Харин уг хүсэлтээ гаргаагүй тохиолдолд 10 хоногийн дараа Баяр наадам зохион байгуулах комиссоос шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлаж, цол, бай шагналыг хураах журам бий.
Тухайн хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй тул бөх сонирхогчид таамаг дэвшүүлсээр байна. Мөн шинжилгээнд хамрагдсан 15 бөх "допингийн шинжилгээнд бүдрээгүй" хэмээн мэдэгдсэн бол, түрүү бөх, шинэ аварга Э.Оюунболд "Миний шээс солигдсон байна, би допинг хэрэглээгүй" хэмээн мэдэгдээд байгаа юм. Эндээс Э.Оюунболд аварга шинжилгээнд бүдэрсэн нь тодорхой болж байна.
Харин шинжилгээнд бүдэрсэн хоёр бөх В сорьцын шинжилгээгээ өгөөгүй, албан хүсэлт ч хүргүүлээгүй гэх мэдээлэл байна.
Ямар ч байсан шинжилгээ өгсөн бөхчүүдэд шинжилгээний дүнг хүргүүлснээс хойш ажлын 10 хоног өнгөрсөн. Журам ёсоор шинжилгээний дүнг зарлах хугацаа дууссан. Тиймээс Баяр наадам зохион байгуулах комисс, Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүнээс тодруулахад "Бөхчүүдийн допингийн асуудлаар Баяр наадам зохион байгуулах комисс, Допингийн эсрэг үндэсний төв хамтарсан мэдэгдэл хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна