ГАНГАН ХАВИРАА
Сэнжиг ч аваагүй сэрвүү өрөлтөөс
Сэрэмж алдамгүй Содном арсланг Нэгдэл начины хүү нэг л хавирав
Нээрээ юу гэмээр ганган хавирав
Тэнгисийн загас үргэлтэл хавирав
Тэнгэрийн бүргэд тургитал хавирав
Тэмээн чулууд нуртал хавирав
Тэнэмэл хамхуул хуртал хавирав
Хөх сувд Хөвсгөл зог тустал хавирав
Хөх хадаг Сэлэнгэ цог астал хавирав
Хөх өвгөн Нэгдэл цуг бостол хавирав
Хөх судрын хуудас хөг ортол хавирав
Заал цэнгэлдэх ханартал хавирав
Засуул цэцүүд нумартал хавирав
Зайн агшинг архалж хавирав
Заан цолоо дархалж хавирав
Гүрэн улс доргитол хавирав
Гүйгүүл ноход борготол хавирав
Догшин бух окортол хавирав
Догдолсон хүүхэн орилтол хавирав
Гэтсэн чонын сор суутал хавирав
Мэдсэн бүхний сүр буутал хавирав
Цаст Хархираа үелтэл хавирав
Цалгиа Тэс үерэлтэл хавирав
Хоймор нутаг хагштал хавирав
Хийморьт эрс шагштал хавирав
Баядын цөс огштол хавирав
Ноёдын цус агштал хавирав
Шилийн сарлаг цочтол хавирав
Шийдсэн мэх очтол хавирав
Шинэ аваргын зам тэгширтэл хавирав
Шилтэй цэнхэрийн бөглөө мултартал хавирав
Тал бичээч
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна