ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ БА ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ НАС

Өнөрцэцэг
2019/03/02

Төв аймгийн Заамар суманд уурхай эрхэлдэг "Эко алтан заамар" ХХК-ийн талбайд карьер нурж зургаан хүн дарагдлаа гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг хотоос яаран хөдлөв.

Бид замдаа сааталгүй гурван цаг гаруй давхисны эцэст Төв аймгийн Заамар суманд ирлээ. Нурангид дарагдсан зургаан ажилтны хоёр нь аврагдаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл ирсэн учраас бид сумын эмнэлгээр хамгийн түрүүнд оров. Гэвч эмчийн өрөөнүүд цоожтой нэг ч эмч, эмнэлгийн ажилтан байсангүй. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэйгээс уурхайд осолд орсон хоёр ажилтан энд биш "Хайлааст" багийн эмнэлэгт хүргэгдсэнийг сонсов. Биднийг сумын төвөөс гарахад 23 цаг болсон учир харанхуйд тэмтчиж ургамал, ногоо, өвс, мод үзэгдэхгүй овоолсон шороо, анхааруулсан сум, хориглосон пайз дундуур явсаар "Хайлааст тосгон"-ы эмнэлэгт бус хэргийн эзэн хэнгэргийн дохиур "Эко алтан заамар" ХХК-ийн эзэмшлийн уурхайн 65-р постонд дээр ирэв. Том биетэй гурван хамгаалагч залуу хэний ар гэрээс ирэв гэж шууд асуулаа, бид сэтгүүлчид гэхэд та нарыг огт оруулж болохгүй гэх тушаал дээрээс ирсэн, буц гэж дээрэнгүй аястай хэлэв. Дээрээс гэж яг хэн гэдэг хүн хэвлэлийнхэнг битгий оруул гэж хэлсэн бэ гэж асуухад манай компанийн захирал гэв. Бид уурхайд аврах ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын дарга нартай ярьсны эцэст уурхайруу хамгаалагчаар цагдуулан шөнийн 03 цагт нэвтэрч чадав. Тус уурхайн хамгаалагчийн зааснаар том гэрлүү ортол МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр нарын бусад албаны хүмүүс тус уурхайн ажилчид, удирдлагуудтай уулзаж осол болсон газарт хэн хэн байсан, нуранги үүсэхэд чухам юу болсныг тэнд байсан ажилчдаас тодруулж байв. Уурхайн удирдлагууд яг хэн хэн гэдэг хичнээн ажилтан нурангид дарагдсаныг шууд хэлж чадахгүй, ажилчдын амыг харж хэлэв. Ийнхүү ярилцсаны эцэст нуранги болоход нийтдээ есөн ажилтан байсан. Түүнээс гурав нь эсэн мэнд гүйн гарч хоёр нь гэмтэл авч дөрвөн ажилтан хоёр техник нурангид даруулсан гэдгийг олж тогтоов. Үүнийг ажилчдын өгсөн мэдээлэлээр баталгаажуулж байгаа харагдав. Ийнхүү тухайн үед юу болсон талаар компанийн удирдлагууд танилцуулж эхлэв.

КОМПАНИЙН ҮНДСЭН ДӨРВӨН АЖИЛТАН НУРАНГИД ДАРУУЛСАН

"Эко алтан заамар" ХХК-ийн захирал Н.Эрдэнэжаргал: 2019 оны 2-р сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчимд манай уурхайд карьерын хана нурж гэнэтийн осол болсон. Карьерт нуралт үүсэх үед хоёр эксковатор, нэг бульдозер, гурван техникгүй ажилтан ингээд нийтдээ зургаан хүн байсан. Үүнээс нэг эксковаторын операторчин, техникгүй ажиллаж байсан нэг ажилтнаа эсэн мэнд гаргаж авсан. Хоёр операторчин барьж байсан техниктэйгээ, насос дээр ажиллаж байсан хоёр иргэний хамт байршил нь тодорхойгүй байна. ОБЕГ, МХЕГ-аас холбогдох албаны хүмүүс ирж аврах ажиллагааг зохион байгуулж байна.


ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС ҮҮДЭЖ НУРАНГИ ҮҮССЭН ГЭЖ ШУУД ХЭЛЖ БОЛОХГҮЙ

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Өртөөнд осолдчихсон дөрвөн хүнийг яаралтай гаргаж авахыг бид зорилгоо болгон ажиллаж байна. Энэ ослыг газар хөдлөлттэй уялдуулж тайлбарлаж болохгүй. Осол гардаг үеэр уурхайн гүний усыг гадна тийш нь соруулаад ажилладаг юм байна. Нуралт үүсээд эксковатор, бульдозерыг барьж байсан хоёр хүн бол техниктэйгээ шороонд дарагдсан, мөн насос дээр ажиллаж байсан хоёр хүн хоёр тийшээгээ нурангиас зугтах байдалтай явж байгаад өртчихсөн. Энэ үйл явдлыг газар дээр нь ажиллаж байсан мастер харсан учраас бидэнд хэлж өгсөн. Бид тэнд байсан хүмүүсээс нурангид дарагдсан ажилчид одоо хаана байж болох вэ гэдгийг тодруулж байна. Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллаад дөнгөж сая орж ирлээ. Осол болсон газрыг харахад нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус урсаж байна. Ус шүүрэх биш гоожоод лаг шавартай хутгалджээ. Бид усыг ямар шалтгаантайгаар гоожиж байгааг лавшруулж харахад тус уурхайн усан сан нь нуралт үүссэн хананы цаана 100 метрийн зайд байршжээ. Эндээс харахад усан сангаас ус урсаж тухайн нуралт үүссэн хананд нэвчилт өгөөд доод хэсгээрээ сулралт үүссэн гэж урьдчилсан байдлаар таамаглалаа. Одоо бидний хамгийн чухал хийх ажил бол дөрвөн хүний цогцсыг яаралтай гаргаж авах л үлдээд байна. Гэхдээ аврах ажиллагаа явуулахад нөхцөл байдал маш хүнд байна.

"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ ДУЛААНЫ УЛИРАЛД АЖИЛЛАСАН БОЛ ИЙМ ОСОЛ ГАРАХ БАЙСАН УУ?

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан: Хамгийн түрүүнд бид тэр доор байгаа дөрвөн хүнээ гаргах ёстой. Дараагийн ажил бол энэ осол ямар шалтгаанаас үүдсэн бэ гэдгийг тодруулна. Одоогийн байдлаар маршрутын хэмжилтийг хэрхэн зөв хийсэн, энэ улиралд ажиллах нь зөв байсан эсэх, ямар зөвшөөрөл дутуу байсан, хүчин чадлаараа ажиллах боломж нь хэр байсан бэ гэдгийг нарийн судална. Ер нь маш олон хүчин зүйлсээс осол шалтгаална. Тодруулбал хөдөлмөрийн аюулгүй байдал, харилцаатай холбоотой асуудлуудыг нягтална. Уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсооно. Одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. Тиймээс уурхайн карьерыг аюулгүй болготол үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргалаа. Энэ уурхайд өнгөрсөн хугацаанд үүссэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ, карьерын дээд талын хана нурах аюултай болчихсон. Хэрвээ энэ уурхай дулаан улиралд ажилласан бол осол гарах байсан уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Шалгалтууд одоо давхар хийгдэж байна. Нуралт үүссэн карьерын дээд талд нь 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэжээ. Тиймээс энэхүү нуурын ус ханаруугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх талтай. Ер нь анхнаасаа нуурыг карьерын дээд талд барьдаг нь буруу байжээ гэж дүгнэж байна.

ДӨРВӨН ХҮНИЙНХЭЭ АМИНД БУС ДӨРӨВДЭХ ЗАСАГЛАЛЫН НӨЛӨӨНД САНАА ТАВЬСАН АЛТНЫ КОМПАНИЙН ҮНЭН ТӨРХ

Уурхайн ослыг сурвалжлахаар очсон хэвлэлийнхэнг уурхайд хонуулах байр байхгүй гэж хэлээд "Сонор секурит" хамгаалалтын албаны хамгаалагч нар биднийг хөөж гаргалаа. Тус компанийн зүгээс нэг телевизийнхэнд ихэд найр тавьж кэмдээ байрлуулж байв. Тэр телевизийн сэтгүүлчийн эхний асуулт нь нуранги газар хөдлөлтөөс болсон уу? гэж тэнд байсан хэвлэлийнхэнээс түрүүлж ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбатаас асуув. Сэтгүүлчийн ангийн дадлагын оюутан ч ийм асуулт асууж ард түмнийг доромжлохгүй, ар гэрийнхнийг нь егөөдөхгүй байсан. Дөрвөн хүн амьдаараа газар дор булагдсан байхад түүнд санаа зовж аврах ажиллагааг эхлээд асуух этик, хүн чанар сэтгүүлчээс алтны компанийн хүчээр холдсон бололтой. Сэтгүүлч хүн эхлээд өөрөө маш сайн хүн байх ёстой. Гэтэл тэр сэтгүүлч "Эко алтан заамар" ХХК-ийн ажилтан шиг, хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж кэмпэд нь байрлаж газар хөдлөлтөөс үүдэж нуранги үүссэн гэх санааг дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байсан юм болов уу. Эсвэл хөөрхий сэтгүүлч телевизийнхээ удирдлагын даалгаврыг биелүүлээ юм болов уу. Өөр аймгийн өөр суманд болсон газар хөдлөлтийг заамар суманд байгаа уурхайд ирж наана газар хөдлөлтөөс үүдэж нуранги үүсч дөрвөн хүний амь эрсдлээ гэх компанийн хар санаа хэд хэдэн томоохон телевизээр мэдээ болоод гарсныг уншигч та бүхэн санаж байгаа. Учир нь хиймэл нуураа буруу газар байршуулснаас үүдэж карьерын хананд нуранги үүссэн гэх мэргэжлийн хяналтынханы урьдчилсан дүгнэлт батлагдвал тус уурхай түр бус бүр хаагдана . Тодруулж хэлбэл усан санг өөр газарт байршуулахаар зөөх нь маш их зардалтай ажил. Энэ хэвээрээ ажиллавал цаашдаа нуранги үүсч олон ажилчны амь нас яригдана. Харин хүчтэй газар хөдлөлтөөс болж нуранги үүссэн гэвэл тус уурхай хэвийн ажиллаад явна гэсэн үг. Тус компанийн зүгээс ослыг сурвалжлахаар очсон сэтгүүлч нартай ярьж, дансаа өгчих мөнгө шилжүүлье гэж хэвлэлийнхэнг худалдан авахыг санаархсан. Биднийг дахиж уурхайруу нэвтрүүлээгүй бөгөөд бид үүдэнд нь 24 цаг хүлээсэн боловч дотогшоо оруулахгүй гэдэг хамгаалагчийн үг өөрчлөгдөөгүй Улаанбаатар хотлуу буцсан билээ. Зарим хэвлэлийн байгууллагын сэтгүүлч нар худалдагдаж очсон даруйдаа дөрвөн хүнийг аврах ажиллагааг сурвалжлахаасаа далийж нуранги үүссэн шалтгааныг газар хөдлөлтөөс хайж эхэлсэн явдал байлаа.

ДӨРВӨН ХҮНИЙГ АВАРЧ ЧАДААГҮЙ БАЙНА

Осол гарснаас хойш 48 цаг болох гэж байна. Ослын газарт онцгой байдлын 20 гаруй албан хаагч аврах ажиллагаа явуулж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр нурангид даруулсан эксковаторын байршлийг нь тогтоосон боловч гаргаж авахаар татах үед тросс нь тасарчээ. Учир нь 75 метрийн гүнд шаварт булагдсан хүнд машин механизмууд 50-70 тонн хүнд. Харин гаргаж татаж авах техник нь 50 тонныг даах чадалтай. Нурангид дарагдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэн болох 60 гаруй иргэн уурхайн талбайн бүсэд байна.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08