Саудын Арабын Боловсролын сайд Ахмад аль-Иса нэгэн содон шийдвэр гаргажээ. Тэрбээр их сургуулийн байр, орчинд оюутан бүсгүйчүүдийг гар утас хэрэглэхийг зөвшөөрчээ. Оюутан бүсгүйчүүдийг гар утас авч яваа эсэхийг шалгах нэрийдлээр их сургуулийн үүдэнд биед нь зүй зохисгүйгээр хүрсэн явдал удаа дараалан гарч, эцэг эхчүүдээс олон тооны гомдол гарсан тул ийм шийдвэр гаргахад хүрчээ.
"Оюутан бүсгүйчүүд бол ухамсар, хариуцлагын хамгийн өндөр түвшний хүмүүс. Тиймээс тэд гар утас хэрэглэх бүрэн чадамжтай. Мөн гэр бүлийн нөхцөл байдал нь тэднийг байнга гар утас хэрэглэхийг шаардаж буй юм" Боловсролын сайд нь мэдэгдсэн байна.
Саудын Араб бол эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хатуу хууль, дүрэмтэй улс. Олон нийтийн газар бүсгүйчүүд эр нөхөр юмуу эцэг эхийнхээ хамт л явах зөвшөөрөлтэй. Бүсгүйчүүдийг ганцаараа ажилдаа явах, гудамж хөндлөн гарах, ганцаараа зугаалах зэргийг энэ улсад хатуу хориглодог.
Гэхдээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг хорьж цагдсан хууль тогтоомжуудыг бага багаар ч гэсэн өөрчилж байгаа ажээ. Тухайлбал, сургууль руугаа ганцаараа явах, төрийн албан газруудад ганцаараа очих, эмчид ганцаараа очиж үзүүлэх, шүүхийн өмнө өөрийгөө төлөөлөх зэрэг эрхийг өнгөрсөн зун олгосон юм.
Мөн тус улсын Хаан Салман ибн Абдул-Азиз хэдэн долоо хоногийн өмнө эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, садар самуунаас хамгаалах тухай хуулийг ойрын хоёр сарын хугацаанд бэлдэж, танилцуулахыг Дотоод хэргийн яамнаасаа шаардсан ажээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна