Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ

Б.Нямсүрэн
2025/02/01

Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ.

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдрийн хуралдаанд оролцов.
Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, Хүннү смарт хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүсчлэл, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийг бууруулах загвар төслийн технологийн шийдлийн танилцуулга, штабын өмнөх хуралдаануудын үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн бусад асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.
Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. 102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж таван сарын хугацаанд гүйцэтгэх аж. Уг төмөр замыг байгуулснаар Хөшигийн хөндийг түшиглэж байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл салбар төмөр замын энэ төслийг зайлшгүй шаардлагатай, маш чухал бүтээн байгуулалт учраас дэмжиж буйгаа илэрхийлээд ирээдүйд олох үр өгөөж ихтэй, эдийн засгийг тэлж, ажлын байр олноор бий болох учраас Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов.
Улаанбаатар хотын төвөөс томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх байршлын хувилбарууд болон холбогдох саналтай штабын гишүүд танилцлаа. Мэргэжлийн хүмүүсээ сайн сонсож, хувийн хэвшлээ хүчлэхгүйгээр, нүүлгэн шилжүүлэх газрынхаа дэд бүтцийг бүрэн шийдэж, тохижилт, дэд бүтцийн орчныг нь бүрдүүлж байж нүүлгэх ёстой гэдгийг Ерөнхий сайд анхааруулав.
Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. Улаанбаатар хотыг бүрэн камержуулах технологийн шийдлийг хэрэгжүүлэхийг Шуурхай штабын анхны хуралдаанаас үүрэг болгосон юм. Үүнийг шийдвэрлэхэд AI технологийн шийдлийг ашиглаж, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбож дуусжээ. Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжиж, зорчигч тоолох системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болсон байна. Ингэснээр Улаанбаатар хот камерын хяналтын системд АI технологиор бүрэн шилжиж, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дууссаныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний яамнаас танилцуулав. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 90 хувийг нийслэлчүүд хэрэглэдэг, мөн цахилгааны өртөг, үнэ тарифын асуудал зэрэг олон хүчин зүйлээс болж чадлын дутагдалд орж байгаа аж. Тиймээс цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дамжуулах шугам сүлжээг өргөтгөх, 2025-2026 онд Богд, Дамбаржаа, Сонгино, 1-р хороолол зэрэг хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна. 2029-2032 онд шинээр ашиглалтад оруулах дэд станц, агаарын шугамын хэд хэдэн төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 1000 МВт эрчим хүч хэрэглэж байгаа бол 2035 он гэхэд одоогийн хэрэглээ гурав дахин өснө. Тэгэхээр 2035 он хүртэл нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд зөвхөн шугам сүлжээг нэмэгдүүлэхэд зориулж хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Эрчим хүчний эх үүсвэрээс гадна түгээлт, дамжуулах дэд бүтцээ энэ хэмжээний хөрөнгө оруулалтаар давхар шийдэхээр төлөвлөсөн байна.

 
Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийж, 2040 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа утаа, түгжрэл зэрэг өнөөдөр үүссэн асуудал бүрийг цогцоор нь тусгаж, суурь судалгаанд үндэслэж өнөөгийн хүндрэлийг шийдэх, яам агентлагууд, төрийн бусад байгууллагууд, нийслэлтэй бодлогоо уялдуулж, өмнөх 30 жилд гаргасан алдааг дахиж давтахгүй байхад анхаарах ёстой гэдэгт штабын гишүүд санал нэгдлээ.
Улаанбаатар хотын хөгжлийг уртаар төлөвлөхдөө Шуурхай штаб дээр яригдсан асуудал бүрийн уялдааг салбар бүрд хангаж, хамгийн гол нь олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаа оролцуулж чадвал хамгийн сайн төлөвлөгөө болдог олон улсын жишигтэй. Үүнийг заавал харгалзаж шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухалчлав. Олон улсын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаа зарлаж, шинжээчдийн санал, дүгнэлтэд тулгуурлаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байв.
Шуурхай штабын дөрвөн удаагийн хурлаас гаргасан шийдлүүд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн асуудал бүрийн мониторингийг дараагийн хурлаар хэлэлцүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг тодорхой болгохыг Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 1 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 21 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19