Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

О.Шүрэнцэцэг
2020/04/09

Үндэсний аудитын газраас Монгол Улсад газар олголт болон ашиглалт ямар байдалтай байгааг дөрвөн жилээр дэлгэрэнгүй судалсан аудитын тайланг олон нийтэд ил болголоо. Тодруулбал, “Монгол Улсад иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” аудитыг  2015-2018 оны байдлаар хийсэн байна. Аудитаар “Газрын  тухай хуульд заасан Монгол улсын газрын сан нэгдмэл байх зарчим хэрэгжихгүй байна” гэсэн ерөнхий дүгнэлт гарсан нь байдал ямар төвшинд байгааг төвөггүй илтгэнэ.

Салбар, зориулалт, зөрчил бүрээр нь дэлгэрэнгүй судалгаатай тооцоолол хийсэн аудитын тайлангаас ганцхан мэдээллийг нь онцолж хүргэе. Энэ бол шат шатны Засаг дарга нартай холбоотой. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлж, хууль зөрчин газар олгож байгаа нь хэрээс хэтэрснийг дараах тоо баримт харуулна.

Тухайлбал, 2015-2018 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар 117410 нэгж талбарт 96458.1 га газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Гэтэл үүний 50 орчим хувь буюу 52 мянга гаруй нэгж талбар газрыг ямар нэг байдлаар хууль зөрчин олгосон байгаа юм. Хууль зөрчсөн гэдэгт Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу зөвшөөрөлгүй байршилд газар олгосон зөрчил давамгайлж байна. Зөвхөн ийм зөрчилтэй 13674 нэгж талбар газрыг иргэдэд олгосон байгаа юм. Энэ нь Газрын тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн үйлдэл. Бусад нь иргэнд 0.07 га газраас илүү хэмжээтэй газар олгосон, тариалан эрхлэх зориулалтаар газар олгох хэмжээг хэтрүүлсэн, хамгаалалтын бүс зөрчсөн, давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.210, 33 дугаар зүйлийн 33.111 -д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлэх зохицуулалттай.

Энэ дагуу 2015-2018 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 8880 нэгж талбар бүхий 101127.6 га газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, 701 нэгж талбар бүхий 549792.5 га газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл тус аудитаар энэ шийдвэрүүдийн 83.5 хувь нь хууль зөрчсөн байгааг илрүүлжээ.  Зөрчлийн дийлэнх буюу 40 орчим хувь нь мөн л дээр дурдсан гэр бүлийн хэрэгцээнд олгосон зөрчлийнхтэй ижилхэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олгосон байна.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хэрэгцээнд ч тэр, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар ч тэр газар олгохдоо ийнхүү төлөвлөгөөгүй байршилд өгөөд байгаа нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, замын түгжрэл, агаар, ус хөрсний бохирдол ихсэх зэргээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэж байна. Энэ бүхний ард гол буруутан нь хууль зөрчсөн шийдвэр гаргаад сууж байгаа Засаг дарга нар байна гэсэн үг.

Түүнчлэн шинээр олгосон газрын 48.1 хувийг нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр илт давуу байдлаар олгож байгаа нь удаах том зөрчил болж байна. Зөвшөөрөлгүй байршилд, хууль зөрчин газар олгохдоо улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгийг оруулдаггүй нь бас том асуудал болжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 6 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 7 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 8 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 10 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 10 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 12 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 14 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 14 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 16 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 17 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр