ЯРГАЛАЛЫГ ЯРЖ ЦУУРАЙТСАН БҮРЭЭН ДУУ-ЭНХҮҮЛЭЭГИЙН МЭГШЭЭН

Өнөрцэцэг
2019/05/01

Дөрөвхөн настай, дүрлэгэр алаг нүдтэй, хонгор шаргал үстэй, элгэсэг зөөлөн харагдах түүнийг Энхүүлээ гэдэг. Түүний найзууд дэгэж дэрвэж, эрхлэж, үсэрч харайж яваа бол Энхүүлээ тэргэнцэр дээр сууж байна. Олон оёдолтой хэвлийгээр нь, хугарсан эгэм, мөр, нуруу гээд өвдөж зовиурлахгүй биеийн хэсэг түүнд үгүй. Гэхдээ байдал дээрдэж, толгойгоо даахтайгаа болчихоод байгаа нь энэ.

...Тэр өдөр гуравдугаар сарын 10 буюу Энхүүлээгийн төрсөн өдөр болохоос гурав хоногийн өмнө байж. Баянгол дүүргийн VII хороо, ...дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай Тодзаяа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж, эхнэрийнх нь дагавар хөвгүүд болох 4, 6 настай Энхүүлээ, Мөнхүүлээ хоёр эрүүл мэнд болоод сэтгэлзүйн хохирогч болсон юм. Тодруулбал, хойд эцэг Тодзаяа гэгч ээжийг нь эзгүй хойгуур хөвгүүдийг зодож тамлахын зэрэгцээ гурав хоногийн хугацаанд ус ч балгуулалгүй яргалсан байна. Хамаатны эгчдээ дуудагдан Дархан явсан ээж нь төрсөн өдөр нь болж байгаа үрдээ гэнэтийн бэлэг барих санаатай урьдчилж хэлэлгүй иртэл нөхөр нь хаалгаа тайлалгүй хагас цаг хүлээлгэсний эцэст сая гэртээ ороход 4 насны баярт өдөр нь тохиож буй алаг үр нь амьсгалтай төдий, алаг эрээн, хөх няц болсон биетэй, ёолох ч тэнхэлгүй хагас ухаантай харанхуй өрөөндөө байж. Эх хүн үрийнхээ амьд, үхлийн заагт байхыг харахаас илүү аймшиг хаа байх билээ. Ой хүрэх гэж буй нялх хүү, ухаангүй шахуу Энхүүлээ, зодуур, өлсгөлөнд туйлдсан Мөнхүүлээ гурван хүүгээ үүрч, тэвэрч, хөтлөөд эмнэлэг бараадсанаар Энхүүлээ хүү өнөөдөр амьд гарсан юм.

Өнгөрсөн хугацаанд Энхүүлээ есөн удаа том хагалгаанд орж, шулуун гэдэснээсээ 30 см орчмыг тайруулсан. Хүүгийн мөр, эгэм хугарсан, нуруундаа гэмтэл авсан, дотор эрхтэнүүд бүгд гэмтэлтэй, ялангуяа зодуурын дараа 3 хоногийн хугацаанд хоол, усгүй байсан нь гэдэс ходоод хэсэгт үхжих шалтгаан болжээ. Үхэл, амьдралын заагт ухаангүй олон хоносон Энхүүлээгийн бяцхан зүрх бэртэл, гомдлоо дааж ядан хэд хэдэн удаа зогссон ч өөртэй нь усны дусал шиг адилхан, өөрийнх нь нөмөр нөөлөг Мөнхүүлээ ахынхаа төлөө, ээжийнхээ төлөө, түүнийг угтах гэрэлт ирээдүйн төлөө дахин цохиолсон юм. Энхүүлээ хэдхэн хоногийн өмнө ЭХЭМҮТ эмнэлгээс гарч, "Хүүхдийн төв сувилал"-д хэвтсэн.

Хойд эцгийн араа шүдэнд зуугдсан ч хамт, зодуулсан ч хамт, ээжтэйгээ эрхлэн наадсан ч хамт Энхүүлээ, Мөнхүүлээ хоёр сар гаруй хугацаанд тусдаа байна. Дүүгээ ухаангүй болтол зодуулж байхад бяцхан гараараа хамгаалж, гуйж, түүнийхээ төлөө зодуулсан Мөнхүүлээ хүү бие махбодийн бэртлээс илүү сэтгэлзүйн хүнд бэртэл авч, СЭМҮТ-д 10 хоног хэвтэн эмчлүүлжээ. Гэвч сэтгэлзүйч эмч "Хангалттай эмчлэгдээгүй. Сэтгэлзүйн урт хугацааны эмчилгээ шаардлагатай"-г зөвлөсөн байна. Одоо хөвгүүдийн хүсэл хурдхан хамтдаа байх.

..."Хүүхдийн төв сувилал"-ын гадаа хэвлүүхэн сууж, юмсыг ажиглах, бодлогошрох, яг л Энхүүлээгийн ижил нүдтэй, үстэй хөөрхөн хүү бол зургаан настай Мөнхүүлээ. Би түүнтэй энгийн зүйлсийг ярих гэж үг өдсөн юм. Түүнээс ямар тоглоомонд, ямар амттанд дуртайг, төрсөн өдрөө яаж тэмдэглэдгийг асуухад миний асуулт түүнд тэгтлээ сонирхолтой байсангүй.

Мөнхүүлээ ярихдаа "Миний төрсөн өдрөөр бялуу задалж гоё тэмдэглэсэн" гэж ч түүний дуу хоолойд баяр хөөрийн өнгө байгаагүй. Тэр яг том шиг санаа алдаад, хуруугаараа чулуу оролдож хэсэгхэн сууснаа "Энхүүлээгийн төрсөн өдрийг бол тэмдэглээгүй. Төрсөн өдөр нь болох гэж байхад аав зодчихсон юм" гэсэн. Зургаахан настай Мөнхүүлээгээр хар дарсан зүүд шиг энэ явдлыг яриулах нь буруу, түүний сэтгэлзүй дахин шархлах вий гэх айдас төрж, яриаг дахиад л амттан, найзууд гэгчлэн өөр зүгт хандуулахад тэр дахиад л санаа алдаад дуу тасарчихна. Тэгснээ "Би хичээлдээ явж чадахгүй байгаа. Энхүүлээ эмнэлэгт хэвтсэн болохоор ээж асарч, эмээ эмнэлгийн хоол зөөж, намайг сургуульд хүргэж өгөх, авах хүн байхгүй. Тэгээд ч би ангидаа очихоос ичээд байна. Хүүхдүүд намайг аавдаа зодуулсан хүү гээд мэдчихсэн биз" гэх нь гол зурмаар. Эвий нялх үрс.


Эд эрхтэн, сэтгэл санаагаараа хохирно, нэмээд нийгмийн хандлагын хохирогч болно. Сайн сайхныг мөрөөдөн цохилж буй энэ л бяцхан зүрхнүүдийг хэн хамгаалах юм бэ. Тэдний эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийг хэн хангах вэ? Асуултынхаа хариуг эхлээд гаднаас хайлаа. ХЭҮК, ГБХЗХГ... Төрийн төлөөлөл энэ байгууллагууд юу хийж байна?


Нийгэм даяараа хүчирхийллийг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна. Гэхдээ хүчирхийлэлтэй тэмцэх арга нь үзэн ядалт биш. Үзэн ядалт хэзээ ч сайн сайханд дөтөлдөггүй, үзэн ядалт үзэн ядалтыг л төрүүлдэг шүү дээ. Ийнхүү оршил бичихийн учир нь хөвгүүдийн ээжийг чичлэх нийгмийн хандлага өөрчлөгдөөсэй гэх зорилгод оршино.

Энхүүлээ, Мөнхүүлээ, 10 сартай Бондоолой нарын ээж Оюу. Гуч ч хүрээгүй залуухан бүсгүй элэг бүтэн амьдралыг мөрөөдөж, итгэж, хайрлаж хоёр хүүгээ дагуулан Тодзаяатай амьдралын замаа холбоод хоёр жил өнгөрчээ. Ямар ч эх үрээ дарлуулах гэж, тамлуулах гэж эр нөхөрт очдоггүйн мэдээжийг ухаарч, уншигч та хохирсон эхийн сэтгэлийг бүү эмтлээрэй хэмээн хүсье. Ингээд түүнтэй багтарч, бачимдаж цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


Бид юуны төлөө амьдардаг вэ гэж уншигч та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй Энгэртээ эрхлэх үрсээ аз жаргалтай байлгах гэж, тэдний сайн сайхны төлөө л ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч яваа шүү дээ. Гэхдээ зөвхөн миний л хүүхэд болж байвал гэдэг сэтгэлгээгээр хандвал миний хүүхэд амьдрах нийгэм гэрэлтэй байж чадна гэж үү? Бусдад дэм болж, гундсан нэгэндээ гэрэл түгээгчид байцгаая.

Энхүүлээ хүү ирэх долоо хоногт сувиллаас гарна. Есөн удаагийн хагалгааны оёотой хүү эмээгийнхээ 4 ханатад очно. Учир нь Тодзаяагийн ээж, Энхүүлээ, Мөнхүүлээ, тэдний ээжийн хувцас, эд хэрэглэлийг нүүлгэлтийн машинаар зөөлгөн, эмээгийнх нь хашаанд буулгуулжээ. Хагалгааны шархтай хүү олуулаа амьдрах бяцхан гэрт очих нь эрүүл ахуй талаас эрсдэлтэйг эмч зөвлөсөн тул шархыг нь эдгэтэл нэг өрөө байр түрээслэн суух бодолтой байгаагаа Энхүүлээгийн эмээ хэлж байсан. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй энэ гэр бүлд эдийн засгийн хүндрэл ч аль хэдийн учирчээ.

Энхүүлээгийн мэгшин уйлах чимээ яргалалын дундаас бүрээ мэт нийгмийг сэрээж, хүүхдийн хүчирхийлэлд хатгах цэг болоосой. Сайхан ирээдүйг мөрөөдөн цохилох бяцхан зүрхнүүдэд та ерөөл, ивээлээ хайрлаарай. ХААНбанк 5005550384 Оюунтунгалагийн данс , Худалдаа хөгжлийн банк 424003489 Жавзангийн данс

СУРВАЛЖЛАГЧ Ц.АНХЗУЛ

ЗУРАГЛААЧ Ч.ГАНХҮСЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 7 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 8 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 9 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 10 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 11 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 11 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 12 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03